2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) АНУ, Канад, Мексик гурван улсын 16 хотод ирэх оны зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх гэж байгаа. Энэ нь анх удаа гурван улс хамтран зохион байгуулж буй 23 дахь удаагийн ДАШТ юм. Нийт 48 улсын шигшээ багууд оролцох энэ томоохон спортын наадмыг зорихоор төлөвлөж буй хүмүүст АНУ-ын Элчин сайдын яамнаас албан ёсны уриалга гаргалаа.
Элчин сайдын яамнаас мэдээлснээр “2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр АНУ руу зорчихоор төлөвлөж байгаа бол виз мэдүүлэх хүсэлт эрт өгнө үү. Одоогоор визийн мэдүүлгийн ачаалал өндөр байна” хэмээн Консулын газраас анхааруулжээ.
Монгол Улсын иргэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр зохиогдох тоглолтуудыг үзэхийн тулд B1/B2 ангиллын виз мэдүүлэх шаардлагатай. Виз мэдүүлэх үйл явц цахимаар хийгддэг бөгөөд удаан хугацаа шаарддаг тул эртнээс бэлдэх нь зүйтэй гэж албаныхан зөвлөж байна.
Харин Мексик рүү нэвтрэхийн тулд АНУ, Канад эсвэл Шенгений бүсийн аль нэгийн хүчинтэй визтэй байх хангалттай. Канадын тоглолтыг үзэхийг хүсэгчид тус улсын Бээжин дэх Элчин сайдын яаманд визийн хүсэлт гаргах хэрэгтэй.
2026 оны тэмцээн АНУ-ын 11, Мексикийн 3, Канадын 2 хотод явагдах бол шигшээ тоглолт Нью-Йорк хотын алдарт “MetLife” цэнгэлдэхэд болохоор төлөвлөгджээ.