АНУ-ын нээлттэй теннисний тэмцээн 2025 онд спортын түүхэнд байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээний нийт шагналын санг 90 сая ам.долларт хүргэхээр шийдвэрлэснээр энэ нь теннисний түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй шагналын сан болж байна хэмээн BBC мэдээлжээ.
Энэ шийдвэрийн дагуу эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрлүүдийн аваргууд тус бүр 5 сая ам.долларын шагнал авах бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн 3.6 сая ам.долларын шагналаас 39 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нийт шагналын сан 2024 оны 75 сая доллараас 20 хувиар нэмэгдсэн байна.
Харьцуулбал, энэ жилийн Уимблдоны тэмцээний шагналын сан 53.5 сая фунт стерлинг (ойролцоогоор 68 сая ам.доллар) байсан бөгөөд тэнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр 3 сая фунт стерлингийн шагнал хүртсэн билээ.
АНУ-ын нээлттэй тэмцээний эхний тойрогт хасагдсан тоглогчид хүртэл 110 мянган ам.доллар авах бол, энэ дүн мөн 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд энэ жил 4.78 сая ам.долларын шагнал олгохоор төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс 23 хувиар илүү байна.
2025 оны АНУ-ын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн уралдаан зөвхөн өндөр шагналын хэмжээгээр бус, спортын түүхэнд бичигдэх онцлох үйл явдал болох нь гарцаагүй.