Архангайд Монголын анхны олон улсын стандартын шүүхийн цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын шүүхийн салбарт анх удаа олон улсын стандартад нийцүүлэн тусгай зориулалтаар барьсан шүүхийн цогцолбор Архангай аймагт ашиглалтад оржээ.

Барилгын ажлыг 2025 оны тавдугаар сарын 11-нд эхлүүлсэн бөгөөд Архангай аймагт шүүх байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр нээлтээ хийсэн байна.

Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар болон УИХ-ын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, шүүхийн байгууллагын удирдлага, ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд болон хууль зүйн салбарын төлөөлөл оролцжээ.

“Шүүхийн ирэх зуун жилийн хөгжлийн шинэ хуудсыг нээлээ”

Нээлтийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа:

“Зуун жилийн өмнө Арын сайхан хангай нутагт шударга шүүхийн шанг татаж байсан бол өнөөдөр түүхт ойн босгон дээр Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн, шүүхийн зориулалттай цогцолбор барилгын үүд хаалгыг нээж байна. Өнөөдөр бид шүүхийн ирэх зуун жилийн хөгжлийн шинэ хуудсыг нээлээ.

Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд зөвхөн хууль эрх зүйн баталгаа хангалттай биш бөгөөд шүүгч хараат бусаар ажиллах орчин, шүүхийн захиргаа мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл, иргэн шүүхийн үйлчилгээг хүндрэлгүй авах дэд бүтэц мөн адил чухал”

хэмээн онцолжээ.

Иргэдэд зориулсан орчинд илүү анхаарчээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мөн нээлтийн үеэр:

“Шүүхийн барилга нь зөвхөн төрийн захиргааны албан тасалгаа биш, харин иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, айж эмээх зүйлгүйгээр шударга ёсыг нэхэмжлэх үндсэн эрхийг баталгаажуулах орон зай байх ёстой”

хэмээн хэлсэн байна.

Шинэ цогцолборыг зөвхөн шүүгч, ажилтнуудын ажлын байр бус, иргэд шүүхийн үйлчилгээг аюулгүй, хүртээмжтэй орчинд авах нөхцөл бүрдүүлэх зорилгоор төлөвлөсөн аж.

3,175 ам метр талбайтай, дөрвөн давхар барилга

Шүүхийн шинэ цогцолбор дөрвөн давхар, нийт 3,175 ам метр талбайтай.

Барилгад таван шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, 14 шүүгчийн туслахын өрөө, шүүхийн Тамгын газрын ажилтнуудад зориулсан есөн өрөө, хоёр сургалтын танхим, эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах өрөө, түр саатуулах өрөө болон хэргийн материалтай танилцах тусгай орон зайг шийджээ.

Эдгээр өрөө, зохион байгуулалтыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийг зорьсон байна.

Гэрч, хохирогчдыг тусдаа урсгалаар нэвтрүүлэх боломжтой

Барилгын гол онцлогуудын нэг нь шүүх ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг архитектурын шийдлээр хангах зохион байгуулалт юм.

Гэрч, хохирогчдыг шүүгдэгч болон бусад оролцогчтой тааралдуулахгүйгээр тусдаа хаалга, урсгалаар оруулах боломжтойгоор төлөвлөжээ.

Мөн гэрч тусгаарлах болон түр саатуулах өрөөтэй болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг сэтгэлзүйн дарамт, болзошгүй эрсдэлээс хамгаалах нөхцөл сайжирсан гэж мэдээлсэн байна.

Хүүхдэд зориулсан тусгай өрөө байгуулжээ

Хүүхэд оролцсон хэрэг, маргааны үед ашиглах тусгай өрөөг мөн олон улсын стандартад нийцүүлэн тохижуулжээ.

Ингэснээр хүүхдээс мэдүүлэг авах, уулзалт хийх үед сэтгэлзүйн дарамт багатай, тав тухтай орчин бүрдэх боломжтой болсон байна.

Үүнээс гадна иргэдийн маргааныг шүүхийн шатанд хүргэлгүй эвлэрүүлэн зуучлах замаар шийдвэрлэхэд зориулсан тусгай хурлын өрөөтэй болжээ.

Мөн хоёр сургалтын танхим шинээр бий болгосноор шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагааг тухайн цогцолборт зохион байгуулах боломж бүрдсэн байна.

Ийнхүү Архангай аймагт ашиглалтад орсон шинэ шүүхийн цогцолбор нь Монгол Улсад шүүхийн зориулалтаар олон улсын стандартын дагуу барьсан анхны иж бүрэн байгууламж болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу