УИХ 2026 оны аравдугаар сарын 16-нд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталжээ. Төсвийн өөрчлөлтийн хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна.
Шинэ нэмэгдэл нь хүн бүрт ижил хэмжээтэй байхгүй бөгөөд тухайн ахмадын ажилласан жил, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон хэмжээнээс хамаарч тооцогдоно.
Тухайлбал, улсад тасралтгүй 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300 мянган төгрөгөөр өсөхөөр тооцжээ.
Монгол Улсад одоогоор 504 мянга орчим ахмад тэтгэвэр авч байгаагаас 435 мянга орчим хүний тэтгэвэр 100-300 мянган төгрөгийн хооронд нэмэгдэх юм.
Засгийн газрын тооцоолсноор суурь тэтгэврийн нэмэгдлийн дараа улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрэхээр байна. Энэ арга хэмжээнд зориулж улсын төсвөөс 196.2 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгажээ.
Халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянгад хүрнэ
Төсвийн тодотголоор зөвхөн ахмадын тэтгэвэр бус, халамжийн зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг мөн нэмэгдүүлж байна.
Халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөг болгохоор баталжээ.
Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Үүнтэй адил соёл, спорт, цаг уур болон төрийн үйлчилгээний бусад чиглэлд ажиллагсдын цалин 20 хувиар өснө.
Төсвийн өөрчлөлтийн хүрээнд боловсролын салбарын ажилтнуудын цалин энэ онд нийтдээ 70 гаруй хувиар, төрийн үйлчилгээний салбарынхны цалин 50 орчим хувиар өссөн гэж тооцож байгаа бөгөөд цалин, тэтгэвэртэй холбоотой арга хэмжээнд нийт 844.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
2026 оны төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдав
Тодотгосон төсвөөр 2026 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 33.9 их наяд төгрөг байхаар баталсан байна.
Ингэснээр нэгдсэн төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар болжээ. Төсвийн санхүүжилтийн хүрээнд 1.8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах, мөн 779.2 тэрбум төгрөгийн гадаад зээл татахаар тусгасан байна.
Үүнээс гадна “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хүнсний үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгасан байна.
Ийнхүү арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн шинэ хэмжээ хэрэгжиж эхлэх бөгөөд олон зуун мянган иргэний сарын орлогод шууд өөрчлөлт орох юм.