Украинд Орос улс эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн нь Европын аюулгүй байдлын орчныг эрс өөрчилж, Австрийг төвийг сахих уламжлалт гадаад бодлогоо эргэн харахад хүргээд байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Беате Майнль-Райзингер Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа Австри улс НАТО-д элсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Аюулгүй байдал тогтворгүй болж буйг онцоллоо
Сайд Б.Майнль-Райзингер “Дэлхий нийтийн аюулгүй байдал улам бүр тогтворгүй болж, Оросын түрэмгий бодлого эрчимжиж буй энэ үед Австри улс ганцхан төвийг сахих бодлогод найдсаар байж болохгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Австрийн батлан хамгаалах болон аюулгүй байдлын ирээдүйг ард иргэдтэй нээлттэй хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Төвийг сахих бодлогын түүх
1955 онд Австрийн газар нутгаас Холбоотны хүч, түүний дотор Зөвлөлтийн арми гарсны дараа тус улс төвийг сахих статусыг Үндсэн хуульдаа нэмсэн. Гэвч өнөөдөр энэ уламжлалт байр суурь нь геополитикийн өөрчлөлтийн хажуугаар сэтгэл зүйн хувьд ч эргэлзээтэй болоод байна.
ОХУ-ын зүгээс шүүмжлэлтэй хандлаа
Пүрэв гарагт Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Австрийг Украинд барууны зэвсэг дамжуулах замаар төвийг сахих бодлогоо зөрчиж байгаа хэмээн буруутгасан юм.
Европын бусад жишээтэй төстэй байдал
Украины дайн Европын төвийг сахих бодлоготой орнуудын байр сууринд томоохон нөлөө үзүүлсэн. Финланд, Швед улсууд энэхүү бодлогоос татгалзаж, НАТО-д элсэх шийдвэрийг өмнө нь гаргасан билээ.
Орос улс хямралын ирмэгт байна
Б.Майнль-Райзингер энэ оны гуравдугаар сард Киевт айлчлах үеэрээ “Орос улс эдийн засгийн сүйрэл, дайны үр дагавраас болж томоохон хямралтай нүүр тулгарах нь гарцаагүй. Путинд үлдсэн хугацаа улам богиносож байгаа тул түүний явуулж буй дайн улам хэрцгий болж байна” гэж анхааруулсан юм.