Багануур дүүрэгт байгуулагдсан батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноосоо хойш өнөөдрийн байдлаар нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ.
Станцын онцлог ба ач холбогдол
Нийслэлийн Багануур дүүргийн I хороонд “Багануур” цахилгаан түгээх дэд станцын суурин дээр 50 МВт хүчин чадалтай уг станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Энэхүү хуримтлуур нь шөнөдөө илүүдэл эрчим хүчийг хадгалж, өдрийн оргил ачааллын үед нийлүүлдгээрээ онцлог.
Монголын эрчим хүчний хэрэглээнд өдөр, шөнийн хооронд 300-400 МВт-ын зөрүү гардаг бөгөөд батарей хуримтлуурын систем энэ зөрүүг тэнцвэржүүлснээр эдийн засгийн өндөр үр өгөөжийг бий болгож байна. Мөн нар, салхины станцуудаас ялгаатай нь байгалийн нөхцөлөөс үл хамааран тогтвортой эрчим хүч нийлүүлэх давуу талтай.
Айл өрхөд хүрэх бодит үр ашиг
Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гэж тооцоход, 50 МВт хүчин чадал бүхий станц 25 мянган айлыг дөрвөн цагийн турш тасралтгүй цахилгаанаар хангах боломжтой юм.
Богино хугацаанд барьж ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт
Энэхүү станцыг ердөө 75 хоногийн дотор барьж, ашиглалтад оруулсан нь Монголын эрчим хүчний салбарт томоохон дэвшил болж байна.