Балбад өнгөрсөн Ням гарагт (2025.10.05) орсон хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт, үер, цахилгаан цохих зэрэг байгалийн гамшиг болж, 44 хүн амь насаа алдсан, харин тав хүн сураггүй байгаа талаар орон нутгийн албаныхан мэдээллээ.
Иллам дүүрэгт хамгийн их хохирол амсжээ
Хамгийн их хохирол амссан бүс нь улсын зүүн хэсэгт орших Иллам дүүрэг бөгөөд тус нутагт болсон хөрсний гулгалтад 37 хүн амиа алдсан байна. Баасан гаригаас хойш үргэлжилсэн тасралтгүй борооноос болж зарим тосгон бүхэлдээ хөрсөнд дарагджээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, нэгэн өрхийн зургаан гишүүн шөнө унтаж байхдаа нурангид дарагдан амь үрэгджээ.
Аврах ажиллагаа хүндрэлтэй байна
Хүчтэй борооны улмаас замууд эвдэрч, хаагдсан тул аврах ажиллагаа удааширч байгаа аж. Засгийн газар нисдэг тэрэг ашиглан бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж, цэргийн алба хаагчдыг дайчилсан байна.
Засгийн газраас зүүн болон төвийн бүсийн аймгуудад онцгой анхааруулга гаргажээ. Нислэгүүдийг Бямба гаригт түр хааж, Ням гаригт сэргээсэн боловч олон иргэн нийслэл Катманду руу нүүхээр зорчиж байгаа тул замын ачаалал нэмэгдэж байгаа аж.
Энэтхэг тусламж үзүүлэх санал гаргав
Хөрш Энэтхэг улс Балбад тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэхдээ:
“Балбад болсон энэ харамсалтай үйл явдалд сэтгэл эмзэглэж байна. Бидний сэтгэл зүрх тэдний төлөө байх болно. Энэтхэг улс найрсаг хөршийн хувиар шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэжээ.
Балбын засгийн газар одоогоор Энэтхэгийн саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар мэдэгдээгүй байна.
Байгалийн гамшиг давтагдсаар
Өнгөрсөн жил энэ үед болсон үер, хөрсний гулгалтын улмаас 224 хүн амиа алдаж, 158 хүн гэмтэж байсан бол энэ жил дахин ижил гамшиг тохиожээ. Энэ удаагийн хүчтэй бороо нь Балбын зуны борооны улирлын төгсгөл буюу зургадугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг үеийн сүүлчийн бороо гэж мэргэжилтнүүд үзэж байна.