Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” нэртэй тусгай тоглолт ердөө ганцхан удаа тоглогдохоор товлогдлоо. Зохион байгуулагчдын зүгээс энэ өдрийг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамт ирж тухлан суун, цэцгийн баглаанаас ч илүү үнэ цэнтэй дурсамжтайгаар тэмдэглэхийг уриалж байна. Тоглолтын гол санаа нь нэг үдшийг хамтдаа дуунд уярч, хайраар хөглөгдөн өнгөрүүлэх уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэжээ.
Тус тоглолтод эгшиглэх бүх дуу, хөгжим 100 хувь амьд тоглогдоно гэж мэдээлсэн байна. Тайзнаа “жинхэнэ хөгжим, жинхэнэ мэдрэмж”-ийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж буй бөгөөд энэ нь баярын өдрийг илүү утгатай, дулаан дурсамжтай болгох онцлох хэсэг хэмээн тодотгожээ.
“Баярлалаа ээжээ” тоглолт 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 15:00 цагт The Corporate Convention Centre-ийн Их танхимд болно. Тоглолтод ТС.МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУУГЗ удирдаач Б.Алтанхуяг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Л.Нарангэрэл, МУСТА Н.Ундрал, “Нюанс” хамтлаг, “Увертюра” хамтлаг, мөн “Анир” поп оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор товлогджээ. Зохион байгуулагчдын мэдээллээр эдгээр уран бүтээлчдийн бүрэлдэхүүн үзэгчдийн сэтгэлийг уярааж, дурсамжаар аялуулах хөтөлбөрийг бүрдүүлж, “Ээждээ баярлалаа” гэх чин сэтгэлийн үгийг хэлэх нэг өдрийг мартагдашгүйгээр үлдээх зорилготой байна.
Тоглолтын тасалбарыг Portal.mn-ээс авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Anir Mongolian Pop Orchestra цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа талаар мэдээлжээ.





