“Forbes” сэтгүүл Бейонсегийн нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрснийг мэдээлжээ. Ингэснээр тэрээр дуу хөгжмийн салбараас тодорсон тэрбумтнуудын эгнээнд албан ёсоор багтаж, энэ ангилалд тооцогдох тав дахь дуучин болсон байна.
Бейонсегийн энэ удаагийн өсөлтөд 2025 онд зохион байгуулагдсан “Cowboy Carter” аялан тоглолт голлох нөлөө үзүүлсэн гэж мэдээлэлд дурджээ. Тус тоглолтын тасалбарын борлуулалтаас 400 сая ам.долларын ашиг олсон бол мерчендайзын борлуулалт нь 50 сая ам.долларын орлого авчирсан байна. Харин үүнээс өмнөх “Renaissance” дэлхийн аялан тоглолт нийтдээ 579 сая ам.долларын орлоготой байсан гэж тэмдэглэв.
Түүний нөхөр Жэй Зи 2019 онд “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтад орж, тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны дуучин болсон гэж мэдээлжээ. Түүнчлэн Бейонсе, Жэй Зи нараас гадна Рианна, Брюс Спрингстин, Тэйлор Свифт нар мөн тэрбумтан дуучдын жагсаалтад багтдаг байна.
Бейонсе хэд хэдэн брэндтэй хамтарч ажилладаг ч түүний хөрөнгийн гол эх үүсвэр нь аялан тоглолтын орлого болон дууны каталогоос бүрддэг гэж “Forbes” онцолсон байна.





