“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы 15 жилийн түүхэн ой тохиож буй энэ жил эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд уриалах, хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх зорилготойгоор 2025 оны 5-р сарын 24-нд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон”-д аяны баг хамт олон идэвхтэй оролцлоо.
Сүхбаатарын талбайд байрласан “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы асарт мэргэжлийн эмч нар эрүүл хооллолт, сэтгэл зүй, урьдчилан сэргийлэлттэй холбоотой зөвлөгөө өгч, эрдсийн шинжилгээ хийж, иргэдийн эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулсан юм. Хүүхдүүдэд зориулсан зургийн булан, дурсамжийн фото хэсэг, тоглоомын талбай, амтат зайрмагны хэсэг нь гэр бүл бүрт урам, баяр баясал бэлэглэв.
Энэ өдөр “ХААН Банк”, “Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)”, “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)”–ийн хамт олон ч марафонд нэгдэж, “эрүүл бие – эрүүл нийгэм” уриаг бодитоор хэрэгжүүлж байлаа.
📌 Бодит үр дүнтэй 15 жил:
- 136,000+ иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан
- 680 хорт хавдрын тохиолдол илрүүлсэн
- 527 яаралтай мэс засал хийсэн
- 11,000 гаруй эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан
Энэхүү аяны гол түнш “ХААН Банк” нь 2007 онд үүсгэн байгуулсан “ХААН Банк Сан”-аараа дамжуулан нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхэд 2.5 тэрбум төгрөг зарцуулсан хоёр томоохон үндэсний аян хэрэгжүүлсэн нь тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” чиглэлийн бодит хэрэгжилт билээ.
“Хамтдаа гүйсэн” энэ өдөр бол зүгээр нэг марафон бус, ирээдүйгээ хайрласан алхам байлаа. Бид эрүүл мэнд бол хамтын хариуцлага гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн, хамтдаа бүтээсэн үнэ цэнтэй мөч болсон юм.