Аборт хийлгэх дарамтын тухай шуугиант мэдээлэл
BLACKPINK хамтлагийн олон хит дууг бүтээсэн Америкийн дуу зохиогч, продюсер Бека Бум (Bekuh Boom) өөрийн хуучин хамтран ажиллаж байсан компанийн талаар ноцтой мэдээлэл хийлээ. Тэрбээр TikTok-д нийтэлсэн бичлэгүүдээр дамжуулан олон жилийн турш дарамт, зохисгүй харьцаанд өртсөн гэж мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, Өмнөд Солонгост ажиллаж байх хугацаанд жирэмсэн болсон үед нь компанийн зүгээс карьер болон хүүхдийн хооронд сонголт хийхийг шаардсан аж. Бека Бум “Надад амьдрал, карьер маань дууссан гэж хэлсэн. Амжилттай уран бүтээлч болох боломжгүй гэж мэдэгдээд, гэрээ байгуулахын тулд жирэмслэлтийг тасалдуулахыг шаардсан” хэмээн ярьжээ.
Мөн тэрээр уг шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул компанитай харилцаагаа дуусгасан бөгөөд дараа нь зардлаа нөхөн төлөхийг шаардсан гэж мэдэгдсэн байна.
BLACKPINK болон уран бүтээлийн маргаан
Бека Бум зөвхөн компанийн удирдлагыг бус, BLACKPINK хамтлагийг ч дурдсан байна. Тэрээр “Typa Girl” дуу дээр ажиллах үед өөрийг нь үл хүндэтгэсэн хандлага гарсан гэж үзжээ. Мөн хамтлагийн гишүүд түүний нөхцөл байдлыг мэдэж байсан ч хамгаалаагүй гэж бичсэн байна.
Тэрбээр Лисагийн “MONEY” дууны хувьд зөвшөөрөлгүй гарсан, орлогын хуваарилалт шударга бус байсан гэж мөн дурдсан. “BLACKPINK-ийн гишүүд бүгд нөхцөл байдлыг мэдэж байсан ч хэн ч намайг хамгаалаагүй” гэж тэр онцолжээ.
Олон нийтийн хариу ба эргэлзээ
Хэдийгээр Бека Бум компанийн нэрийг шууд дурдаагүй ч олон нийт түүний хэлсэн зүйлсийг YG Entertainment-тэй холбон тайлбарлаж байна. Учир нь тэрбээр 2012 оноос тус компанитай хамтран ажиллаж эхэлсэн юм.
Гэсэн хэдий ч зарим хэрэглэгчид түүний мэдэгдэлд эргэлзэж байгаа бөгөөд тухайн үед BLACKPINK-ийн гишүүд насанд хүрээгүй дадлагажигчид байсан гэдгийг онцолж байна. Тиймээс тэднийг насанд хүрсэн продюсерийг хамгаалах ёстой байсан гэх байр суурь бодит бус байж магадгүй гэж үзэж байна.
Мөн зарим нь уг маргааныг зохиогчийн эрх, орлогын хуваарилалттай холбоотой хувийн зөрчилтэй холбон тайлбарлаж байна.
Бека Бумын уран бүтээлийн замнал
1994 онд төрсөн Бека Бум (жинхэнэ нэр Ребекка Жонсон) K-pop салбарт нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр 2014 онд Тэяны “Eyes, Nose, Lips” дуу дээр ажилласнаар карьераа эхлүүлсэн.
Үүнээс хойш BLACKPINK-ийн “BOOMBAYAH”, “DDU-DU DDU-DU”, “LALISA”, Чон Сомигийн “BIRTHDAY” зэрэг олон хит бүтээлд оролцсон. Мөн сүүлийн үед MEOVV хамтлагийн “DROP TOP” дуу дээр ажилласан байна.
Одоогоор YG Entertainment компани дээрх мэдэгдлийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.





