Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2025 онд Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 орчим хувийг нийлүүлжээ. Харин Төвийн бүсийн хэрэглээний 15 орчим хувийг хангасан байна.
Цаашид станцын III, IV блокийг ашиглалтад оруулж, суурилагдсан хүчин чадлыг 600 МВт болгохоор төлөвлөжээ. Ингэснээр улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 20–25 хувийг хангах боломж бүрдэх аж.
Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэлэлцээ эхэллээ
Арваннэгдүгээр сарын 11-нд Эдийн засаг, хөгжлийн яаманд тус станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хариуцсан ажлын хэсэг анхны хурлаа хийжээ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд болон хөрөнгө оруулагч «Цэцэнс Майнинг энд Энержи» ХХК-ийн төлөөлөгчид хуралдаанд оролцсон байна.
Бөөрөлжүүтийн станцын хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулжээ. Төслийн хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч зарим нөхцөлийг өөрчлөх хүсэлт гаргасны үндсэн дээр хэлэлцээ хийх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2026 оны 237 дугаар захирамжаар байгуулсан аж.
Тус хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж байна.
Өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангах шаардлагатай
Монголын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6–8 хувиар нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд нийт хэрэгцээний 21 орчим хувийг импортын цахилгаанаар хангажээ.
Ийм нөхцөлд дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, ажиллаж буй эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт чухал хэвээр байгааг яамны мэдээлэлд дурдсан байна. Бөөрөлжүүтийн төслийн дараагийн блокуудыг ашиглалтад оруулах төлөвлөгөө нь энэ хэрэгцээтэй уялдаж байгаа аж.
Гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан судална
Хуралдааны үеэр Ж.Энхбаяр «Цаашид хөрөнгө оруулалтын гэрээний төслийг холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зохицуулалттай нийцүүлэн боловсруулах, гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан судлах шаардлагатай» хэмээн онцолжээ.
Тэрээр ажлын хэсгийн гишүүдэд холбогдох үүрэг, чиглэл өгсөн талаар Эдийн засаг, хөгжлийн яам мэдээлсэн байна.