Монгол Улсад илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй нь халдварт бус өвчний, тэр дундаа чихрийн шижингийн эрсдэл огцом өсөх гол хүчин зүйл болоод байна. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар 15–69 насны хүн амын Биеийн жингийн индексийн (БЖИ) дундаж 25.5 кг/м² байгаа нь ДЭМБ-аас зөвлөдөг хэвийн хэмжээнээс (18.5–24.9) давсан үзүүлэлт боллоо.
Илүүдэл жин, таргалалтын тархалт түгшүүртэй байна
Судалгааны үр дүнгээс харахад:
- Монголчуудын 49.4% нь илүүдэл жин, таргалалттай
- Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)–д:
- Төрөх насны эмэгтэйчүүдийн 53%,
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4%,
- 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% илүүдэл жинтэй гэж гарсан байна.
Эдгээр тоо баримт нь чихрийн шижин өвчний эрсдэл нийт хүн амын дунд өндөр түвшинд байгааг тод харуулж байна.
Таргалалт — чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйл
БЖИ хэвийн хэмжээнээс давсан тохиолдолд:
- Жингээ бууруулах
- Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнийг хэвшил болгох
- Амьдралын хэв маягт өөрчлөлт хийх
зэрэг арга хэмжээг яаралтай эхлүүлэх нь чихрийн шижингээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм.
Өөрийн эрсдэлээ үнэлэх нь хамгаалалтын эхний алхам
Та доорх үнэлгээний хүснэгтийг ашиглан өөрийн чихрийн шижингийн эрсдэлээ тодорхойлж болно.
Хэрэв таны оноо:
- 5-аас бага бол: Эрүүл амьдралын хэв маягаа үргэлжлүүлэн хэвшүүлээрэй.
- 5 ба түүнээс дээш бол: Харьяа эрүүл мэндийн төвдөө хандан үзлэг, зөвлөгөө авч, эрүүл дадлыг хэвшүүлэх шаардлагатай.
Чихрийн шижин нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Эрсдлээ мэдэж, амьдралын хэв маягаа өөрчлөх нь өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн зөв алхам юм.






