Нийслэл хотын захиргаа нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж болон өргөтгөлүүдийг үе шаттайгаар буулгах ажлыг эхлүүлээд байна.
Хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хэлснээр, чөлөөлсөн газруудыг зөв зохион байгуулалттайгаар, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн дахин төлөвлөх ажилд дүүргүүд идэвхтэй хамтран оролцож байгаа аж. Тэрбээр “Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн орчим хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүс тул тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Ногоон байгууламж гэдгийг зөвхөн мод тарихаар хязгаарлахгүй, харин тухайн орчинд нийцсэн цогц бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Үүнд оршин суугчид болон аж ахуйн нэгжүүдийн саналыг авч хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо.
Мөн Багшийн дээдийн орчим болон зуслангийн бүсийн дагуух олон байршилд байрласан ТҮЦ-үүдийг чөлөөлсөн бөгөөд эдгээр газарт олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн байна.

