COP17 эхэллээ: Торгоны замын жингийн цуваа дэлхийн малчдын дуу хоолойг Улаанбаатарт авчирлаа

Дэлхийн малчдын төлөөллийг угтан авснаар хурал нээгдэв

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ. Хурлын нээлт Торгоны замын жингийн цуваа болон дэлхийн малчдын төлөөллийг угтан авснаар онцлог болов.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил буюу IYRP-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Торгоны замын жингийн цуваа”-ны малчид, оролцогчид COP17 хуралд Малчдын ерөнхий тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал-ыг хүргүүлжээ.

6000 км гаруй зам туулсан цуваа Монголд иржээ

Торгоны замын жингийн цуваа аялал нь бэлчээрийн экосистем, малчдын амьжиргаа, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ган гачигт тэсвэртэй байх бодит туршлагыг олон улсад хүргэх зорилготой юм.

Энэхүү аялал БНТУ-аас өнгөрсөн тавдугаар сард эхэлж, ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжин 6000 км гаруй зам туулсан байна. Замын турш оролцогчид газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцаж, орон нутгийн иргэдтэй уулзжээ.

Монголын говь, хангай, тал нутгаар аялсан байна

Жингийн цувааны оролцогчид Монгол Улсад ирснийхээ дараа Дундговь, Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн говь цөл, хангай, тал хээрийн бүс нутгаар аялсан байна.

Энэ үеэр тэд нүүдлийн малчин өрхүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд, малчдын хоршоодтой уулзаж, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй газар дээр нь танилцжээ.

Мөн Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад орсон Өгий нуур зэрэг газраар зочилж, Монголын бэлчээрийн бүс нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж буйг ажигласан байна.

Малчдын тунхаглалууд COP17-д хүргэгдэв

Цуваанд оролцсон малчид, иргэний нийгмийн төлөөлөл, судлаачид болон олон улсын оролцогчид “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд оролцжээ.

Тэдний боловсруулсан Малчдын ерөнхий тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал нь дэлхийн малчдын өмнө тулгарч буй асуудал, бэлчээрийн тогтвортой ашиглалт, газрын доройтлын эсрэг бодит арга зам, залуу үе болон эмэгтэй малчдын оролцоог онцолсон баримт бичиг болж байна.

190 гаруй орны төлөөлөгч цөлжилтийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор COP17 хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээрийн хомсдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны томоохон сорилтуудыг хэлэлцэж эхэллээ.

Улаанбаатарт эхэлсэн энэ удаагийн COP17 нь зөвхөн бодлогын түвшний хэлэлцүүлэг бус, малчдын бодит туршлага, нүүдлийн соёл, бэлчээрийн ирээдүйн тухай дэлхий нийтэд хүргэх чухал талбар болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу