Хоёр хүний амь насыг хөнөөсөн, насанд хүрээгүйтэй бэлгийн харьцаанд орсон хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэв
16 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ц.Дагвадоржид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дуусаж, анхан шатны шүүх шийдвэрээ танилцууллаа.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр Ц.Дагвадоржийг хоёр хүний амь насыг онц харгис аргаар хохироосон, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон болон бусад холбогдох гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн амь хохирогч Ш, З нарын ар гэрийнхэнд нийт 468 сая төгрөгийг төлөхийг Ц.Дагвадоржоос гаргуулахаар тогтоожээ.
Шүүхийн тогтоол дахь хууль зүйн үндэслэл
Шүүх Ц.Дагвадоржид оноосон ялын талаар дараах байдлаар тогтоолдоо дурджээ.
“Шүүгдэгч Ц.Дагвадоржийн
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад заасан онц харгис хэрцгийгээр өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1-т заасан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.”
Ингэснээр шүүх Ц.Дагвадоржийг олон бүлэг гэмт хэрэг үйлдсэн, мөн эдгээр нь онц ноцтой шинжтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг нэгтгэн бүх насаар хорих хүнд төрлийн ял оноосон байна.
Иргэний нэхэмжлэл, хорих ангийн дэглэм
Шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Дагвадоржид оноосон бүх насаар хорих ял нь хаалттай хорих ангид эдлэгдэх бөгөөд энэ нь хамгийн хатуу ангиллын дэглэмд багтана.
Мөн шүүхээс амь хохирогч Ш, З нарын ар гэрийнхний гаргасан шаардлагыг хангаж, хүн нас барсантай холбогдон учирсан сэтгэл санаа, эдийн засгийн хохирлыг төлүүлэх зорилгоор нийт 468 сая төгрөгийг Ц.Дагвадоржоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь тогтоолд тусгагджээ.
Өмнө нь энэ хэрэгт хамжигчаар татагдаж байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг ижил өдрийн шүүх хуралдаанаар “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан бол үндсэн яллагдагч Ц.Дагвадоржид ийнхүү хамгийн дээд хэмжээний хорих ял оноосон байна.





