“Оранж энтертэйнмент” 10 жилийн ойгоо шинэ УСК-гаар тэмдэглэнэ
“Нийслэл Хүүхэн”, “+17”, “Шар гэгээ”, “Мөрч” зэрэг нэг болон олон ангит кинонуудаараа стриминг, телевиз, кино театруудын үзэлтийн тоог дахин дахин шинэчилж ирсэн “Оранж энтертэйнмент” студи 2026 онд байгуулагдсаны 10 жилийн ойгоо угтаж байна.
Арван жилийн хугацаанд тус хамт олон тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээлийг үзэгчдэд хүргэж, Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө, найруулга, сэдэвчиллээрээ ялгарч, байр сууриа бэхжүүлжээ. Ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эхлэл нь адал явдалт, инээдмийн төрлийн “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны кино бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын бүх кино театруудад албан ёсоор нээлтээ хийхээр болоод байна.
Монгол түүхийг инээд, адал явдалтай хослуулсан шинэ найруулга
“Ирээдүйгээс ирсэн зочид” УСК нь “Оранж энтертэйнмент”, ДДЭШ ТВ, “Фильм Овл” продакшн гурван байгууллагын хамтын бүтээл юм. Найруулагчаар “Мөрч”, “Молоко” зэрэг сүүлийн жилүүдийн хамгийн их үзэлттэй төслүүдээрээ танигдсан залуу найруулагч Б.Төгөлдөр ажилласан байна.
Киноны гол үзэл санаа нь монголчуудын угсаа, гарвал, үндэсний түүхийг орчин цагийн хэл, залуу үеийн сонирхолд нийцүүлсэн инээдмийн, адал явдалт өнгө аястайгаар өгүүлэхэд чиглэжээ. Зөвхөн хөгжилтэй, хөнгөн контент бус, хүүхэд, залуусын эх орноороо бахархах мэдрэмжийг сэргээх, гоо зүйн мэдрэмж, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилго тавьсан бүтээл гэдгийг уран бүтээлчид онцолсон байна.
Студийн мэдээлснээр кино төслийг дуу, дүрсний өндөр нягтрал, өнгө, монтажийн шийдэл, тусгай эффектээр нь жанрын стандартаас давсан түвшинд хүргэхээр зорьж, мэргэжлийн түвшний шилдэг жүжигчдийг багтаасан багаар ажиллуулжээ. Инээдмийн төрлийн дотоодын кинонуудын босгыг шинэ түвшинд гаргах оролдлого хэмээн тэд үзэж байна.
Заяагийн мөрөөдөл, түүхийн шалгалт, говийн агуйн нууц
Киноны үйл явдал K-pop од болох мөрөөдөлтэй Заяа гэх охины амьдралаас эхэлнэ. Тэр Солонгос улс руу явахынхаа өмнө түүхийн хичээлийн үнэлгээг заавал авч, сургууль, эцэг эхийнхээ шаардлагыг биелүүлэх ёстой. Гэвч түүний өмнө замыг нь хаасан мэт хатуу, зарчимч зангаараа алдартай түүхийн багш Бат профессор гарч ирнэ.
Заяа бодит мэдлэгээс илүү “аргалж” тэнцэх гарц хайсан ч үл мэдэх их говийн агуйд хөл тавьсан мөчөөс бүх зүйл урьдчилан төсөөлөөгүйгээр эргэж, цаг хугацаа давхцсан адал явдал эхэлнэ. Тэр өнгөрсөн үеийн Монголтой нүүр тулж, түүхийн бодит дүр зураг, хүмүүс, орчин дунд өөрийгөө шинээр нээхээс аргагүй болно.
Буцаж ирэх гарц нь зөвхөн шалгалтын асуултад зөв хариулах төдий биш, харин өнгөрсөн цагийн үнэ цэнэ, өв соёл, монгол хүн болж төрсний утга учрыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд оршиж байгааг тэр аажмаар ухаарч эхэлнэ. Ингэж Заяагийн K-pop мөрөөдөл, түүхийн шалгалт, говийн нууц агуй гурвын огтлолцлоор цаг хугацааны аялал, өөрийгөө нээх сэдэвтэй түүх өрнөнө.
Жүжигчдийн бүрэлдэхүүн, үзэгчдэд өгөх мэдрэмж
“Ирээдүйгээс ирсэн зочид” кинонд соёлын тэргүүний ажилтан, олон жил үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн жүжигчин Н.Ялалт, О.Энхтуул нар авьяаслаг залуу жүжигчидтэй хамтран тогложээ. Туршлагатай жүжигчид болон шинэ үеийн нүүр царайг нэг тайзанд уулзуулах замаар киноны хошин өнгө, драмын гүн, адал явдлын эрчмийг зэрэг хадгалсан гэж уран бүтээлчид тайлбарлаж байна.
Цаг хугацаагаар аялж, өөрийн үндэс, түүхтэй нүүр тулж, “монгол хүн болж төрснөөрөө бахархах” мэдрэмжийг адал явдал, инээдмийн найруулгатайгаар үзүүлэхийг зорьсон уг уран сайхны кино шинэ оны эхний өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын бүх кино театруудаар зэрэг цацагдаж, шинэ жилийн киноны улирлыг нээхээр болжээ.





