Меланиа Трамп хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалав
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордонд зохион байгуулагдсан арга хэмжээнд хүн дүрст роботын хамт оролцож, боловсролын салбарт хиймэл оюуныг өргөн ашиглах шаардлагыг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр “Figure 03” нэртэй роботтой хамт Цагаан ордны Зүүн танхимд болсон “Ирээдүйг хамтдаа бүтээе” дээд хэмжээний уулзалтад оролцож, дэлхийн олон улсын тэргүүн хатагтай нарыг угтан авсан байна.
АНУ-д үйлдвэрлэсэн анхны робот Цагаан ордонд танилцуулагдав
Меланиа Трамп арга хэмжээний үеэр “Энэхүү робот бол Цагаан ордонд зочилж буй АНУ-д үйлдвэрлэсэн анхны хүн дүрст робот юм. Боловсролын салбарт хиймэл оюуныг ашиглахын тулд засгийн газрууд ба технологийн томоохон компаниуд хамтран ажиллах ёстой. Тун удахгүй хиймэл оюун нь гар утаснаас хүн дүрст роботод шилжиж, бодит амьдрал дээр үйлчилгээ үзүүлдэг болно” хэмээн мэдэгджээ.
Хиймэл оюуны бодлогыг өндөр түвшинд хэлэлцэж байна
Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп технологийн салбарын тэргүүлэх төлөөлөгчдийг хиймэл оюуны бодлогын зөвлөлд томилсон байна. Үүнд Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон, Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нар багтжээ.
Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хиймэл оюун нь АНУ-ын хувьд Хятадтай өрсөлдөх стратегийн чухал чиглэл болж байна.





