Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгийн ахалсан 9 гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийн боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” (цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээг зохицуулах тухай) хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ.
Хуулийн төслийн зорилго
Тус хуулийн төсөл нь хот, суурин газарт өсөн нэмэгдэж буй цахилгаан хөдөлгүүрт дугуй, скүүтэрийн хэрэглээг хууль, журмын хүрээнд тодорхой зохицуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Сүүлийн жилүүдэд нийтийн замд эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор осол, зөрчил гарах тоо өсөж байгаа тул хуульчилсан зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.
Дэд ажлын хэсэг байгуулагдана
Хуулийн төслийг УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ахалж ажиллах болно.
Бүрэлдэхүүнд:
- УИХ-ын гишүүн О.Алтангэрэл
- Б.Баярбаатар
- Х.Баасанжаргал
- О.Номинчимэг
- Д.Пүрэвдаваа
- Л.Соронзонболд
нар багтжээ.
Эдгээр гишүүдийн удирдлага дор төрийн байгууллага, нийтийн цахилгаан тээврийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэд, байгууллагын оролцоотой хэлэлцүүлэг
Дэд ажлын хэсэг нь хуулийн төслийн агуулгыг тал бүрээс нь судалж, иргэдийн санал, хэрэглэгчдийн туршлага, нийтийн аюулгүй байдлын судалгаа дээр үндэслэн дүгнэлт гаргах бөгөөд ингэснээр хууль хэрэгжих явцад үүсэж болзошгүй хүндрэл, давхардлыг урьдчилан шийдвэрлэх зорилготой аж.