Цасан шуурга шуурч, огцом хүйтэрнэ: 17-ноос зүүн аймгуудын нутгаар цаг агаар эрс муудна

Монгол орны ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар эрс өөрчлөгдөж, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Өнөөдөр буюу аравдугаар сарын 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, улмаар ихэнх нутгаар огцом хүйтрэх төлөвтэй байна.

Аравдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булган аймгийн ихэнх нутаг, Увсын зүүн хэсэг, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн хойд хэсэг, Баянхонгор, Өвөрхангайн зарим сум, мөн Сэлэнгэ болон Өмнөговийн баруун сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орох төлөв гарчээ.

Харин 16-ны өдөр Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим сум, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Өвөрхангай, Төв, Хэнтий болон Дорнодын хойд хэсгээр 0.0-10.0 мм хэмжээтэй хур тунадас орж, зарим газраар цасан шуурга шуурна.

17-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга эрчимжинэ

Аравдугаар сарын 17-нд цаг агаарын таагүй нөхцөл зүүн аймгууд руу шилжиж, нойтон цас болон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн ихэнх нутгаар температур огцом буурч, эрс хүйтрэхийг анхааруулжээ.

Хур тунадасны дэлгэрэнгүй төлөвөөр:

  • 15-наас 16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгийн зарим сумдаар нойтон цас, цас орно.
  • 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар хур тунадас орно.
  • 16-наас 17-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн зүүн сумдын нутгаар цас орж болзошгүй.
  • 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
  • 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сум, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм хэмжээтэй ялимгүй нойтон цас, цас орох төлөвтэй байна.

Иймд ойрын өдрүүдэд орон нутгийн замд зорчих иргэд цасан шуурга, халтиргаа гулгаа, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөлөөс сэргийлж, цаг агаарын шинэчилсэн мэдээллийг тогтмол авах шаардлагатай байна.

Мөн малчид, тариаланчид болон хөдөө орон нутагт ажиллаж буй иргэд огцом хүйтрэлт, салхи шуурганы өмнө бэлтгэлээ хангах нь зүйтэй.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу