Монголын чөлөөт бөхийн залгамж халаа, ирээдүйн аваргуудыг тодруулах “U17”, “U23” ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тус тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж, улсын өнцөг булан бүрээс ирсэн өсвөр болон залуучуудын шилдэг бөхчүүд өрсөлдөж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь зөвхөн аваргуудыг тодруулах төдийгүй үндэсний шигшээ багт дэвших, олон улсын тэмцээнд оролцох боломжийг нээдэг чухал ач холбогдолтой. Ялангуяа U17 болон U23 насны ангилал нь ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг тодруулдаг шат гэдгээрээ онцлог юм.
Энэ удаагийн тэмцээн Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Түүний шавь нар болон Монголын чөлөөт бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг хүндэтгэн ийнхүү тэмцээнийг нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Тэмцээний үеэр тамирчид жин тус бүртээ өрсөлдөж, медалийн төлөө ширүүн барилдаан өрнүүлэх бөгөөд дасгалжуулагчид болон мэргэжилтнүүд ирээдүйтэй залуу бөхчүүдийг онцлон ажиглах юм.





