Энэ жилийн Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж тавын даваанд өвдөг шороодсон Хэнтий аймгийн арслан Наранболорын Баяржаргалаас допингийн төрлийн бодис илэрсэн болохыг албаныхан мэдэгдлээ.
Наадмын дараа допингийн шинжилгээнд хамрагдсан 32 бөхийн сорьцыг Германд байрлах итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн бөгөөд тэдний нэг болох Н.Баяржаргалаас хориотой бодис илэрчээ. Одоогоор гурав бөхийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.
Н.Баяржаргал энэ жил:
- 1-ийн даваанд Архангайн начин Л.Бат-Амгаланг,
- 2-ын даваанд улсын харцага Х.Гантулгыг,
- 3-ын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг,
- 4-ийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг давсан ч
- 5-ын даваанд улсын арслан Б.Орхонбаярт унасан.
Орон нутагт ажилладаг, заалны барилдаанд төдийлөн тогтмол оролцдоггүй Н.Баяржаргалын хувьд энэ нь анхны ноцтой зөрчил болж магадгүй.
Мөн энэ жил улсын гарди цол хүртсэн Б.Гончигдамбын сорьцыг дахин шинжилж байгааг албаны хүмүүс мэдээлжээ. Тэрбээр:
- 1-ийн даваанд Хөвсгөлийн А.Пүрэвдоржийг,
- 2-ын даваанд Увсын нэмэх начин Т.Эрхэмбаярыг,
- 3-ын даваанд Дорноговийн арслан С.Занданхүүг,
- 4-ийн даваанд Өвөрхангайн цэргийн арслан Б.Өлзийсайханыг давсан ч
- 5-ын даваанд Н.Өсөхбаярт унасан билээ.
Шалгалтаар допинг илэрсэн өөр нэг бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй байгаа бөгөөд хариуг тухайн бөхөд албан ёсоор танилцуулаагүй байна.