Газын мөргөлдөөний улмаас гаргасан шийдвэр
Европын Комиссоос Израилд үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ зогсоох шийдвэр гаргасныг байгууллагын дарга Урсула фон дер Ляйен зарлалаа. Тэрээр Газын зурваст өрнөж буй цэргийн ажиллагаа өдөр бүр аймшигт үйл явдал дагуулж буйг онцолж, нэн даруй гал зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх, ХАМАС-ын барьцаанд байгаа бүх хүнийг суллах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Европын Холбооны байр суурь
Фон дер Ляйен “Европын Холбоо бол хүмүүнлэгийн тусламжийн хамгийн том хандивлагчдын нэг бөгөөд хоёр улс зэрэгцэн оршин тогтнох зарчмыг үргэлж дэмжсээр ирсэн. Гэвч Баруун эрэгт өрнөж буй ноцтой үйл явдал болон Газын мөргөлдөөний улмаас бид Израилд үзүүлэх дэмжлэгээ зогсоохоор санал болгож байна. Энэ шийдвэр нь иргэний нийгмийн хамтын ажиллагаа болон “Яд Вашем” холокостын дурсгалд нөлөөлөхгүй” хэмээн онцоллоо.
Шийдвэрийн хүрээ
ЕК-оос өгсөн тайлбарт дурдсанаар энэ шийдвэр нь 2025-2027 оны санхүүгийн төсөв, институцийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслүүд, мөн ЕХ-Израилийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд хамаарах юм. Харин хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд энэ хориг үйлчлэхгүй болохыг тодотгожээ.
Хүний эрхийн заалтын хэрэгжилт
Израил, Европын Холбооны байгуулсан гэрээний хоёрдугаар зүйлд “хүний эрх, ардчиллын зарчмыг хүндэтгэх” заалт орсон байдаг. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд ЕХ хамтын ажиллагааны цар хүрээг дангаараа хязгаарлах эрхтэй болохыг ЕК сануулсан байна.
Израилын ажиллагааны үргэлжлэл
Газын мөргөлдөөний улмаас олон улсын шахалт нэмэгдэж байгаа ч Израилын Засгийн газар цэргийн ажиллагаагаа зогсоохоос татгалзаж байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Израилын арми ХАМАС-ыг бут цохихын тулд Газа хот дахь дайралтаа улам эрчимжүүлж буйг өмнө нь мэдэгдсэн. Мөн оршин суугчдад тулалдааны бүсийг орхин явахыг уриалжээ.