Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд цалин нэмэгдүүлэхийг шаардан олон нийтийн жагсаал зохион байгууллаа.
Эмч нарын гол шаардлага
Жагсагчид үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, нийгмийн баталгааг сайжруулахыг Засгийн газраас шаардав. Тэдний хэлснээр, энэ зорилго гурван жилийн өмнө тавигдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.
“Эрүүл мэндийн салбарын төсөв хангалтгүй, аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаагүй, зарим эмнэлэг таван жилд нормын хувцас аваагүй”— гэж жагсагчдын төлөөлөл онцлов.
Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцээгүй байдлаас шалтгаалан эмнэлгүүдийн засвар, үйлчилгээ хойшлогдож байгааг тэд шүүмжиллээ.
Улс орон даяар өрнөсөн жагсаал
Энэ удаагийн жагсаал зөвхөн нийслэлд бус, аймаг, орон нутагт зэрэг зохион байгуулагдсан бөгөөд боловсролын салбарын төлөөлөл ч нэгдсэн байна.
“Хэрэв бидний шаардлагыг сонсохгүй бол тэмцлийн дараагийн шатанд буюу ажил хаялт зарлана. Энэ сарын 17-ны дотор шийдвэр гарахгүй бол орон даяар ажил хаяна” — гэж эмч нар мэдэгдэв.
Багш нарын жагсаал үргэлжилж байна
Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилчдын тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тэд мөн цалин нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах шаардлага тавьж байна.