Пүрэв гарагт салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, Энэтхэгийн төрийн өмчит боловсруулах үйлдвэрүүд өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас түүхий газрын тос огт аваагүй байна. Энэ шийдвэр нь Энэтхэгийн хамгийн том газрын тос боловсруулах компаниудын нэг болох Indian Oil Corporation (IOC) болон Hindustan Petroleum, Bharat Petroleum, Mangalore Refinery and Petrochemicals зэрэг бусад үйлдвэрүүдэд хамаарч байгаа аж.
IOC нь улсын хэмжээнд 20 газрын тос боловсруулах үйлдвэрийн 10-ыг эзэмшдэг бөгөөд нийт жилийн хүчин чадал нь 60 сая тонн юм. Оросоос татан авалтаа зогсоосон төрийн өмчит компаниудын орон зайг нөхөхийн тулд Ойрх Дорнод болон Баруун Африкийн нийлүүлэгчидтэй шинэ хэлэлцээрүүд хийхийг зорьж байна.
Украины дайн эхэлсний дараа Оросын хямд түүхий тосыг худалдан авч байсан Энэтхэг улсын хувьд энэ алхам нь эрс өөрчлөлт юм. Энэ нь Европын зах зээлээ алдсан Оросын хувьд Энэтхэгийг гол орлуулагч зах зээл болгон ашиглах боломжийг олгож байсан билээ.
Гэсэн ч тус улсын Reliance Industries болон Nayara Energy зэрэг хувийн хэвшлийн томоохон компаниуд Оросоос газрын тос худалдаж авахаа одоогоор үргэлжлүүлж байна.
Энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын дайнаа зогсоох хугацааг наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл өгч, хэрэв биелүүлэхгүй бол түнш орнуудын бараанд 100 хувийн импортын татвар ногдуулна хэмээн анхааруулсан. Энэхүү анхааруулга нь Энэтхэгийн эрх баригчдад голчлон чиглэж байгаа юм.