2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа албан ёсоор мэдэгдэв.
Эдийн засгийн хүндрэлээс сэргэлт рүү
Ерөнхий сайд мэдээлэлдээ, өөрийн Засгийн газрыг хүлээн авах үед эдийн засгийн өсөлт 2,4 хувиар буурч, төсөв 3,2 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй байсныг онцоллоо. Тиймээс тэрбээр 2,2 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотгол хийсний үр дүнд өнгөрсөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 5,7 хувьтай гарсныг дурдсан юм.
“Эрдэнэс Тавантолгой”-н онцгой дэглэмийн үр дүн
Г.Занданшатарын хэлснээр Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон нь нүүрсний хулгайг таслан зогсоох, эдийн засгийг сэргээх зорилготой байсан.
Онцгой дэглэмийн үр дүнд:
- борлуулалтын орлого 1.6 дахин,
- биржийн тээвэр 1.5 дахин,
- экспорт 1.2 дахин,
- үр ашигт ажиллагаа 3 дахин,
- олборлолт 1.1 дахин тус тус өссөн байна.
Эдгээр нь компани дотор удаан хугацаанд оршиж ирсэн хулгайн асуудлыг цэгцэлсний бодит илэрхийлэл хэмээн тэр тодотгов.
Хулгайг илрүүлсэн ажиллагаа
Хяналт шалгалтын явцад нүүрсний хулгайн олон арга барилыг илрүүлж, холбогдох нотлох баримтуудыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Ерөнхий сайдын хэлснээр цаашид нүүрсний хулгайг бүрэн зогсоох, эдийн засгийг эрчимжүүлэхийн төлөө ажиллах бөгөөд энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдлээ.