Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн очжээ.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүн Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлог юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Минскийн нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Беларусийн Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда нар угтан авчээ.
Монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон бусад албаны төлөөлөгчид мөн угтах ёслолд оролцсон байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийнэ
Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар ганцаарчилсан уулзалт хийхээс гадна албан ёсны хэлэлцээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх юм.
Айлчлалын гол чиглэлийн нэг нь Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэх асуудал байна.
Талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт болон харилцаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ.
Хоёр улсын дээд түвшний харилцааны хүрээнд Беларусийн төрийн тэргүүн 2024 онд Монгол Улсад анх удаа айлчилсан бол энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Беларусийн нутагт төрийн айлчлал хийж буй анхны тохиолдол болж байна.
Ийнхүү Минск хотод эхэлсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг дүгнэж, худалдаа, эдийн засаг болон салбар хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр байна.