Уулзалтад 45 гаруй орны удирдагчид оролцов
2025 оны аравдугаар сарын 3-нд Данийн нийслэл Копенхаген хотноо Европын улс төрийн нийгэмлэгийн долоо дахь дээд хэмжээний уулзалт болж, Европын болон Европын Холбооны /ЕХ/ гишүүн бус орнуудын төлөөлөлтэй нийлсэн 45 гаруй орны удирдагчид оролцлоо.
Энэхүү нийгэмлэгийг 2022 онд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон санаачлан байгуулсан бөгөөд Европт хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хүч нэмэх зорилготой. Анхны уулзалт мөн оны аравдугаар сард Прага хотод зохион байгуулагдаж байв.
Хэлэлцсэн асуудлууд ба шинэ санаачилгууд
Энэ удаагийн уулзалтын үндсэн зорилго нь Европын бүс нутагт тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний хямралд хамтран хариу арга хэмжээ авах, дэд бүтэц болон тээврийн харилцааг хөгжүүлэх, мөн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах байлаа.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Италийн Ерөнхий сайд Ж.Мелони нар уулзалтын үеэр мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх шинэ санаачилга дэвшүүлсэн юм. Макрон энэ талаар:
“35 улсын төр, засгийн тэргүүн нар хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хүчээ нэгтгэж байна. Илүү нэгдмэл Европ бол хамгаалалт юм” хэмээн сошиал хуудсандаа бичжээ.
Үүнээс өмнө, аравдугаар сарын 1-нд ЕХ-ны 27 гишүүн улсын удирдагчид мөн Копенхагенд албан бус уулзалт хийсэн байна.