Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа болон зорчиж буй Монгол иргэдэд олон нийтийн жагсаал, сургуулийн блок, цагдаагийн ажиллагаа явагдаж буй газраас хол байхыг зөвлөжээ.
Эх сурвалжид дурдсанаар Францын хэд хэдэн хотод ахлах сургууль, их сургуулийн сурагч, оюутнуудын оролцсон жагсаал өргөжиж, зарим хэсэгт жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Мөн гал түймэр, эд хөрөнгө эвдэн сүйтгэсэн тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ.
400-500 орчим лицейд хичээл доголдсон гэх мэдээлэл байна
2026 оны аравдугаар сарын 5-ны байдлаар Францын 400-500 орчим лицейд хичээлийг бүрэн болон хэсэгчлэн зогсоосон гэж эхэд дурдсан байна.
Парис, Лион, Лилль, Тулуз, Бордо, Нант, Страсбург, Марсель, Ренн, Руан зэрэг хотод хөдөлгөөн үргэлжилж байгаа бөгөөд оюутны байгууллагууд аравдугаар сарын 6-нд улсын хэмжээнд дахин жагсаал зохион байгуулахаа зарласан аж.
Иргэдэд олон хүн цугласан хэсгээс зай барихыг зөвлөжээ
Элчин сайдын яам Монгол иргэдэд жагсаал, цуглаан, сургууль орчмын блок, цагдаагийн ажиллагаа явагдаж буй газраар зорчихгүй байхыг зөвлөсөн байна. Ялангуяа лицей, их сургуулийн кампус, хотын төвийн жагсаалын маршрутаар зорчихдоо онцгой болгоомжлохыг анхааруулжээ.
Мөн тухайн хотын Préfecture, RATP, SNCF болон орон нутгийн тээврийн байгууллагын албан ёсны мэдээллийг зорчихын өмнө шалгахыг зөвлөсөн байна. Цуглаан, мөргөлдөөн болж буй хэсэгт санамсаргүй орсон тохиолдолд тухайн газраас тайван замаар холдож, цагдаагийн зааврыг дагахыг сануулжээ.
Оюутнуудад сургуулийн мэдээллээ тогтмол шалгахыг зөвлөв
Францад суралцаж буй Монгол оюутнуудад өөрсдийн их, дээд сургуулийн албан ёсны цахим шуудан, ENT/student portal болон сургуулийн удирдлагын мэдээллийг тогтмол шалгахыг зөвлөсөн байна.
Онцгой нөхцөл байдал үүсвэл Францын цагдаагийн 17, Европын яаралтай тусламжийн 112 дугаарт хандах боломжтойг мөн сануулжээ.