Францын шийдвэр Европыг гайхшруулав: таргалалтын эсрэг эмийн мөнгийг иргэдэд буцаан олгоно

Франц Европын Холбоонд анхдагч болж байна

Франц улс энэ оны зургаадугаар сарын дунд үеэс эхлэн хүнд хэлбэрийн таргалалттай өвчтөнүүдийн жин хасах эм худалдан авсан зардлыг нөхөн олгохоор болсон талаар тус улсын эрүүл мэндийн сайд Стефани Рист мэдээлжээ.

Ингэснээр Европын Холбооны гишүүн орнууд дундаас таргалалтын эсрэг эмийн төлбөрийг иргэддээ буцаан олгох шийдвэр гаргасан анхны улс нь Франц болж байна.

Wegovy, Mounjaro зэрэг эмийн эрэлт огцом өсжээ

Сүүлийн жилүүдэд Novo Nordisk компанийн Wegovy болон Eli Lilly компанийн Mounjaro зэрэг жин бууруулах эмүүдийн хэрэглээ, эрэлт эрс нэмэгдсэн. Энэ төрлийн эмүүд таргалалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж буй олон улсын удирдагчдын анхаарлыг татах болсон байна.

Шинэ хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлбэл жил бүр 100 сая еврог нөхөн олголтод зарцуулах тооцоотой гэж Рист мэдэгджээ.

Түүний танилцуулснаар Францын өвчтөнүүд одоогоор илүүдэл жингээ бууруулахын тулд ийм төрлийн эмэнд сард дунджаар 300 евро төлж байна. Харин энэ эмчилгээнд хамрагдах өвчтөнүүдийн яг тоог тэрбээр тодорхой хэлээгүй юм.

Нэг сая орчим хүн зорилтот бүлэгт багтаж байна

“Зорилтот хүн амын бүлгийн тоо ойролцоогоор нэг сая. Гэсэн хэдий ч энэ нь хүн бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг биш. Энэ нь хувь хүн бүрийн онцлог, эмийн жороос хамаарна” гэж TF1 сувгаар Рист ярьжээ.

Нөхөн олговорт хамрагдах үндсэн шалгуур нь биеийн жингийн индекс болон хавсарсан өвчний байдлаас хамаарах аж. Тухайлбал, ядаж нэг хавсарсан өвчтэй бөгөөд биеийн жингийн индекс нь 35 ба түүнээс дээш байгаа өвчтөнүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Мөн ямар нэг хавсарсан өвчингүй ч биеийн жингийн индекс нь 40-өөс давсан өвчтөнүүд нөхөн олговрын шаардлага хангах юм байна.

Эмийн үнийн 65-100 хувийг буцаан олгоно

Дээрх шалгуурыг хангасан өвчтөнүүд Wegovy болон Mounjaro эмийг худалдан авсан үнийн дүнгийнхээ 65-100 хувийг Францын эрүүл мэндийн даатгалын системээр дамжуулан буцаан авах боломжтой болох ажээ.

Франц улс таргалалтын эсрэг эдгээр шинэ эмийн тарилгын хувилбарыг 2024 оноос эхлэн зөвхөн эмчийн жороор олгодог болсон юм.

Уух хэлбэрийн эм Европт нэвтрэхэд ойртлоо

Novo Nordisk болон Eli Lilly компаниуд таргалалтын эсрэг эмийнхээ уух хэлбэрийн хувилбарыг АНУ-ын зах зээлд аль хэдийн гаргаад байна.

Харин Европын Эмийн Агентлаг өнгөрсөн долоо хоногт Novo Nordisk компанийн Wegovy эмийн уух хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөх зөвлөмж гаргажээ. Энэ нь Европын зах зээлд таргалалтын эсрэг эмчилгээний шинэ сонголт нэмэгдэх боломжийг улам ойртуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу