Нийслэлийн ОБГ-ын шуурхай удирдлагын нэгдсэн төв энэ онд ашиглалтад орно
Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлагын нэгдсэн төвийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор удирдлагын өрөөний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг эхлүүлжээ.
Одоогийн байдлаар тус шуурхай удирдлагын төв нь 24 цагийн турш нийслэлийн хэмжээнд ирсэн гал түймэр, усны гамшиг, ослын дуудлага мэдээллийг хүлээн авч, удирдлагын мэдээллээр ханган ажилладаг байна.
Камер, GPS, энгэрийн камерийг хиймэл оюунд холбож, ажиллагааг төвлөрүүлнэ
Шуурхай удирдлагын нэгдсэн төв ашиглалтад орсноор зохион байгуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотын 19 байршилд өндрийн камер суурилуулах аж. Мөн галын автомашин бүрт камер, GPS төхөөрөмж суурилуулж, гал сөнөөгч бүрийг энгэрийн камертай болгож, бүх камерыг хиймэл оюун ухаанд холбохоор төлөвлөжээ.
Ингэснээр нэгдсэн удирдлагын төвөөс нөхцөл байдлыг бодит цагийн горимоор хянах боломжтой болж, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны үеийн удирдлага, зохион байгуулалтыг илүү оновчтой хийх нөхцөл бүрдэх юм. Тус арга хэмжээг хэрэгжүүлснээр хүний амь нас, эд хөрөнгийг илүү үр дүнтэй авран хамгаалах боломж нэмэгдэнэ гэж тодорхойлжээ.
Улаанбаатар хотын 16 өндрийн цэгт камер суурилуулах бэлтгэл ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.





