Годрон өвчний вакцин авахад 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар шийджээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ямааны годрон өвчний эсрэг вакцин худалдан авахад 1.5 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргасан талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ. Түүний хэлснээр одоогийн байдлаар өвчний голомттой холбоотойгоор 16 өрхийн нийт 6296 ямааг устгалд оруулсан байна.

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Шадар сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар оролцжээ.

Устгалд орсон малын нөхөн олговрыг шийдвэрлэнэ

Н.Номтойбаярын мэдээлснээр Монгол Улсад одоогоор годрон өвчний эсрэг хэрэглэх бэлэн вакцин байхгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар шийдвэрлэсэн бөгөөд устгалд орсон малын нөхөн олговрын асуудлыг мөн шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Тэрбээр цаашид Биокомбинатын хүний нөөц, эм, вакцины үйлдвэрлэлийн нөхцөлтэй газар дээр нь танилцахаар төлөвлөж байгаагаа хэлсэн байна.

Шүлхийн үед шийдвэр удааширснаас зардал өссөн гэж тайлбарлав

Шадар сайд өмнө нь шүлхийн САТ-1 хэв шинж бүртгэгдэх үед вакцин авах ажиллагаа удааширсныг жишээ болгон дурджээ. Түүний хэлснээр тухайн үед тохирох вакциныг БНХАУ-д шинээр үйлдвэрлүүлэн худалдан авах хүртэл 32 хоног алдсан бөгөөд энэ хугацаанд 4167 толгой мал хорогдсон байна.

Мөн нөхөн олговорт зургаан тэрбум орчим төгрөг, бусад зардлыг нэмбэл нийт 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэж тэрбээр мэдээлжээ. Вакцин худалдан авах 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хоёр долоо хоног хүртэл хугацаа ордог нь халдварт өвчний үед эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж тайлбарласан байна.

Лабораториудын тогтолцоог дахин судална

Улсын онцгой комисс сүүлийн хугацаанд хоёр удаа хуралдсан бөгөөд халдварт өвчний үед хариу арга хэмжээ удаашрах нөхцөлийг давтахгүй байх бодлогын өөрчлөлт шаардлагатай гэж үзжээ.

Н.Номтойбаярын мэдээлснээр Монгол Улсад 226 итгэмжлэгдсэн лаборатори байдгаас 55 нь төрийн өмчийнх бөгөөд эдгээр нь таван өөр байгууллагын харьяанд ажилладаг байна. Нэгдсэн бодлого, мэдээлэл солилцоо хангалтгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай гэж үзэн лабораторийн тогтолцоонд судалгаа хийж, Засгийн газарт танилцуулах үүрэг өгчээ.

Мөн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан бөгөөд стратегийн хүнс, нефтийн бүтээгдэхүүний нөөцтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэхээр ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу