Говь-Алтайд годрон өвчний улмаас 20 мянга гаруй ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд малын гоц халдварт ямааны годрон өвчин бүртгэгдэж, тархсантай холбоотойгоор Цогт болон Дэлгэр сумын нийт 44 өрхийн 20,855 ямааг устгалд хамруулжээ.

Халдварын голомтыг хязгаарлах ажлын хүрээнд 92.7 мянган ам метр талбайд халдваргүйтгэл хийж, голомтын эцсийн ариутгалыг бүрэн дуусгасан байна.

Одоогийн байдлаар өвчний тархалтыг тогтоох, дахин халдвар гарахаас сэргийлэх тандалт үргэлжилж байгаа бөгөөд 102 өрхийн 44.7 мянган малыг идэвхтэй тандалтад хамруулжээ. Үүнээс гадна 10 сумын 255 өрхийн мал сүрэгт идэвхгүй тандалт хийж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр 2026 оны аравдугаар сарын 16-наас хойш годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өгсөн үүргийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлээр ахлуулсан мэргэжлийн баг аравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байгаа аж.

Тус баг орон нутгийн холбогдох байгууллагуудын ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, халдварын тархалтыг хязгаарлах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна.

Мөн сумдын мал эмнэлгийн байгууллагуудад годрон өвчний шинж тэмдэг, халдвар дамжих боломжит зам, эрсдэлийг хэрхэн бууруулах талаарх мэдээллийг малчдад шуурхай хүргэх үүрэг өгчээ.

Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйн тасаг болон Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах, зөвшөөрөлгүй отор нүүдэл болон малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгч байгаа юм.

Хээлтүүлэгч малын хөдөлгөөн, ашиглалтад тавих хяналтыг мөн нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мал сүрэг хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, голомтын бүсээс халдвар бусад нутагт тархахаас сэргийлэх нь одоогийн гол зорилго болжээ.

Ийнхүү 20 мянга гаруй ямааг устгалд хамруулсан ч аравдугаар сарын 16-наас хойш шинэ өвчлөл илрээгүй байгаа нь халдварын голомтыг тогтоон барих арга хэмжээ үр дүнгээ өгч эхэлж байгааг харуулж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу