Хатанбаатарын нэрээр танигдсан элэгний төв ирэх сараас хүүхдийн эмнэлэг болно

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хүүхдийн эмнэлэг болгон өөрчлөх шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Тус төвийг 2008 оноос менежментийн гэрээгээр ажиллуулж байсан бөгөөд өнгөрсөн онд нийслэлийн өмчид буцаан авсан юм. Одоо барилгыг хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зориулалтаар засварлаж байгаа бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва засварын ажлыг эрчимжүүлж, товлосон хугацаанд эмнэлгийг нээх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Тэрбээр:

“Хүлээн авах хэсгийн өргөтгөл, цахилгаан шатыг нэмэлтээр гүйцэтгэхээр болсон бөгөөд зураг төслийн баталгаажуулалт, гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэнэ” гэв.

Хүүхдийн орны хэт ачааллыг бууруулах зорилготой

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг одоогоор хүүхдийн 135 ортой. Харин томуу, томуу төст өвчний оргил үед орны тоог түр хугацаанд 400 хүртэл нэмэгдүүлдэг байна.

Гэсэн ч өвчлөл ихэссэн үед орны хүрэлцээ муудаж, зарим хүүхдийг коридорт хэвтүүлэн эмчлэх нөхцөл үүсдэг аж.

Иймээс нийслэлийн өмчид буцаан авсан элэг судлалын төвийг хүүхдийн эмнэлэг болгон ашигласнаар тус дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулж, хүүхдүүдэд 24 цагийн турш тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Мөн зөвхөн Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд бус Баянгол дүүргийн захын 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүд тус эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байхаар төлөвлөжээ.

Өмнөх эмчлүүлэгчдийн үйлчилгээг зогсоохгүй

Тус төв элэг судлалын чиглэлээр ажиллаж байх үед эмнэлгийн хяналтад байсан өвчтөнүүдийн тусламж, үйлчилгээг цаашид хэвээр үргэлжлүүлэхээр тооцсон байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн барилгыг 2025-2026 онд нийт 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж дуусгахаар нийслэлийн 2026 оны төсөвт тусгажээ.

Ийнхүү олон жил элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан тус барилга ирэх сараас хүүхдийн эмнэлэг болж, нийслэлийн баруун бүсийн хүүхдийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцахаар болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу