Швейцарийн эрдэмтэд хүний тархи халдварт өвчтэй хүнтэй ойр байх үед дархлааны системийг шууд өдөөдөг болохыг тогтоожээ. Судалгаанд дурдсанаар, өвчтэй хүнийг жинхэнэ биеэр нь биш, зүгээр л аватараар харуулахад л хүний биед хамгаалалтын урвал явагдаж эхэлдэг байна.
Туршилтыг Лозанна хотын их сургуулийн эмнэлгийн нейробиологич Андреа Серино болон түүний баг Google-ийн “Oculus Rift” виртуал бодит орчны төхөөрөмж ашиглан явуулжээ. Оролцогчид тууралт, ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийн аватарыг харж, тэдэнтэй ойртон очих байдлаар виртуал туршилт хийсэн байна.
Судлаачид оролцогчдоос цусны шинжилгээ авч, тархины сканнер хийж үзэхэд тэдгээр аватаруудад ойртож байсан хүмүүсийн тархины хувийн орон зайн мэдрэмжтэй холбоотой хэсгүүд идэвхжиж байв. Энэ нь хүний тархи халдвартай орчныг шууд анзаарч, эрсдэлд “урьдчилан бэлтгэх” чадвартайг илтгэж байна.
Үүнээс гадна “ажиглах сүлжээ” буюу тархины аюул мэдрэх, нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх хэсгүүд хүчтэй ажиллаж байсныг тогтоожээ. Энэ үйл явцын дараа дархлааны системийн анхны хамгаалалтын шугам болох төрөлхийн лимфоид эсүүд нэмэгдэж байсан бөгөөд ханиадны вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлааны идэвхжилтэй адил түвшинд хүрч байв.
Судалгаанд мөн жинхэнэ эмгэг төрүүлэгчийн эсрэг хариу үйлдлийг харахын тулд хяналтын бүлгийн оролцогчдод ханиадны вакцин хийсэн бөгөөд халдвартай аватар руу ойртсон хүмүүсийн дархлааны идэвхжил вакцин тариулсан хүмүүстэй адил түвшинд байсныг онцолсон юм.
Андреа Серино “Дархлаа халдварт хариу үйлдэл үзүүлэхдээ маш хурдан байдаг ч ноцтой өвчинтэй шууд тэмцэхэд үргэлж хангалттай биш байдаг. Харин халдвар авах магадлалыг тархи урьдчилан мэдэрч чаддаг бол энэ нь биед урьдчилсан бэлтгэл хангахад тусалдаг” хэмээн тайлбарлажээ.
Судалгааны багийн үзэж байгаагаар энэхүү мэдлэг нь вакцины үр нөлөөг нэмэгдүүлэх шинэ арга зам нээж магадгүй юм. Виртуал орчин дахь өдөөгч хүчин зүйлс нь дархлааны зорилтот эсүүдийг идэвхжүүлж, биед илүү хүчтэй, үр дүнтэй дархлааны хариу үйлдэл үүсгэх боломжтой гэж тэд дүгнэжээ.