Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Сэгсүүргийн аманд өнгөрсөн шөнө хүрэн баавгай малчин айлын хотонд орж, таван бог мал болон нэг нохой барьсан хэрэг гарчээ.
Баавгай хотонд орсны дараа малчид аюулгүй байдлаа хангахын тулд автомашиндаа хоножээ. Одоогоор тусгай хамгаалалттай газрын алба хаагчид тухайн баавгайг тор ашиглан барихаар ажиллаж байгаа аж.
Энэ онд 110 удаагийн дуудлага бүртгэгджээ
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын мэдээллээр 2026 онд хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, малчин өрхийн хот, хашаанд нэвтэрсэнтэй холбоотой нийт 110 дуудлага, мэдээлэл 21 сумын нутгаас ирсэн байна.
Мөн энэ онд Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цэцэрлэг сумын нутагт нийт зургаан баавгай устгажээ. Үүний гурвыг иргэд баавгай суурьшлын бүсэд орж ирэх үед өөрсдийгөө хамгаалах зорилгоор устгасан бол үлдсэн гурвыг нь холбогдох байгууллагын зөвшөөрлөөр устгасан байна.
Хөвсгөл аймагт энэ онд баавгай устгах гурван зөвшөөрөл олгосон бөгөөд зөвшөөрөгдсөн тоо дууссан тул аймгийн Байгаль орчны газраас нэмэлт зөвшөөрөл хүссэн саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлжээ.
Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав
Сүүлийн үед баавгай уулнаас бууж, хүн амын суурьшлын бүсэд ойртох тохиолдол нэмэгдэж байгаа тул хадлан бэлтгэх, хөдөө явах, мал болон алдуул малаа хайж ууланд гарахдаа болгоомжтой байхыг холбогдох байгууллагууд зөвлөж байна.
Баавгай үзэгдсэн эсвэл мөр нь илэрсэн газарт ганцаараа явахгүй байх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх шаардлагатай. Мөн өглөө эрт, орой бүрэнхий болон шөнийн цагаар уул, ойгоор явахгүй байхыг анхааруулжээ.
Ой, өтгөн бут болон голын шугуйгаар явах үед үе үе дуу чимээ гаргаж, баавгайг гэнэт цочоохоос сэргийлэх хэрэгтэй. Харин бамбарууштай таарсан тохиолдолд ойртохгүй, тухайн газраас тайван холдохыг зөвлөсөн байна. Учир нь эх баавгай бамбаруушийнхаа ойролцоо байх магадлал өндөр байдаг.
Судалгаагаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын нутагт хүрэн баавгай тархан амьдардаг байна.