Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтдын амьдрах орчны давхцал, ой хээрийн түймэр зэрэг шалтгааны улмаас хүрэн баавгай суурин газарт үзэгдэх, мал руу довтлох тохиолдол нэмэгдсээр байна. Энэ нөхцөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагууд иргэд, малчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэд, малчдад өгөх зөвлөмж
- Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд аймаг, сумын холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх
- Тухайн бүс нутагт ажлын хэсэг байгуулж, баавгайн шилжилт хөдөлгөөний зураглал гаргана
- Хохирол учруулсан, хүний амь насанд аюултай нөхцөл бүрдсэн тохиолдолд малчдыг түр хугацаанд аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх
- Нүүх боломжгүй тохиолдолд айл өрхүүд нэг дор төвлөрөн бууж, хамтын хяналт хамгаалалт тогтоох
- Орой үдэш утаа май тавих, гал асаах, цахилгаан хөрөө, мотоцикль зэрэг чимээ гаргах замаар баавгайг ойртохоос сэргийлэх
- Малын сэг зэмийг гэрийн ойролцоо үлдээхгүй, холдуулан устгах
- Баавгай хүн рүү дайраагүй бол элдэж хөөх, устгах үйлдэл хийхгүй байх
- Хүүхэд, эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүсэд хараа хяналтгүйгээр бэлчээрт явуулахгүй байх
- Жуулчны бүс нутагт баавгай үзэгдэх эрсдэлтэй тул анхааруулга бүхий самбар байрлуулж, хээр хоноглохгүй байх
- Иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж байх
Хууль, хариуцлагын талаарх мэдээлэл
Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2023 оны тогтоолоор 12,450,000 төгрөг байхаар тогтоогдсон. Тиймээс зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд 24,900,000 төгрөгийн торгууль оногдуулах хуультай.
Яаралтай үед хаана хандах вэ?
Иргэд дараах байгууллагуудтай холбогдон мэдээлэл өгөх боломжтой:
- “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” — Утас: 88001414, 88623198
- “Амьтан-Асралт” ХХК — Утас: 99772972
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас иргэдийг дээрх зөвлөмжийг чандлан мөрдөж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.