Хүүхдээ ингэж зөөвөрлөвөл хорино: шинэ журам анхаарал татаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээнд хяналт чангарав

Хүний Эрхийн Үндэсний Комисс Тээврийн Цагдаагийн Албатай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байгаа юм.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас гаргасан шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мотоцикл, суррон, цахилгаан дугуй зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарласан. Уг хугацаа дуусах дөхөж буйтай холбогдуулан холбогдох байгууллагууд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Осол эрс нэмэгдсэн нь анхаарал татав

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн судалгаагаар сүүлийн хоёр жилд хоёр дугуйт болон цахилгаан тээврийн хэрэгслээс шалтгаалсан ослын тоо эрс өссөн байна. Тухайлбал:

  • Скүүтертэй холбоотой осол 80 тохиолдол болж, 55.5 хувиар нэмэгдсэн
  • Мотоциклийн осол 112 болж, 12.6 хувиар өссөн
  • Мопедын осол 630 хүрч, 11 дахин нэмэгдсэн
  • Суррон болон цахилгаан дугуйн осол 205 болж, 4.1 дахин өссөн

Өдөр бүр дунджаар 36 мянга гаруй хэрэглэгч эдгээр хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцож, 600 мянга орчим автомашин болон явган зорчигчидтой зэрэгцэн хөдөлгөөнд оролцож байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Журам боловсруулж байгаа ч батлагдаагүй байна

Одоогийн байдлаар эдгээр тээврийн хэрэгслийг зохицуулах журам боловсруулагдаж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байгаа. Иймд иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг албаныхан онцолж байна.

ХЭҮК-аас дараах зөвлөмжүүдийг өгсөн байна:

  • Скүүтерийн хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх
  • Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай болон олон нийтийн газраар нэвтрэхгүй байх
  • Замын хөдөлгөөнд оролцох үед гар утас ашиглахгүй байх
  • Явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах

Хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай

Хуульд зааснаар 18 нас хүрээгүй хүүхэд мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог. Гэвч бодит байдал дээр эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм төрлийн хэрэгсэл худалдан авч өгч, хөдөлгөөнд оролцуулж байгаа нь эрсдэл дагуулж байна.

Мөн 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй байх зохицуулалт хүчин төгөлдөр хэвээр байна. Асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хууль дүрмийг мөрдүүлэх үүрэгтэй.

Явган хүний замыг зөвхөн явган зорчигч ашиглах ёстой бөгөөд дугуйн замыг зориулалтын дагуу ашиглах шаардлагатайг дахин сануулж байна.

Цагдаагийн байгууллагаас хяналтыг нэмэгдүүлнэ

Энэ үеэр ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн хошууч н.Отгонбаатар “Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Энэ үед зорчигчдын аюулгүй байдал нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл.

Унадаг дугуйн замаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд зорчино. Ийм зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун талаар явна гэсэн дүрмийн заалтыг ягштал баримтлах хэрэгтэй. Ингэхдээ иргэд хамгаалалтын малгай өмсөх ёстой.

2025 онд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын 420 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс

  • Цахилгаан мопидтой холбоотой 191
  • Сурронтой холбоотой 164
  • Скүүтертэй холбоотой 65

ослын дуудлага бүртгэгдсэн.

Дээрх ослын улмаас 730 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд ихэнх нь толгой, тархи, нурууны гэмтэл авсан байна.

Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхэд суррон унаж яваад амь насаа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн.

Мөн эцэг, эхчүүд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдүүдтэйгээ оролцохыг хатуу хориглоно. Үүнд цагдаагийн байгууллагаас хяналт, шаардлага тавина.

16 нас хүрээгүй хүнд түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн эрхзүйн зохицуулалтыг бидэнд мэдэгдлээр өгсөн байгаа. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь өөрсдийнхөө эрхээр зорчуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Цагдаагийн байгууллагаас энэ жилээс мото эргүүл гаргаж эхэлнэ. Тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн орчинд 40 орчим байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр дээрх байдлаар зөрчил гаргасан иргэдэд хуульд заасны дагуу арга хэмжээ авна.

Бидний хийсэн судалгаагаар 350 орчим насанд хүрээгүй хүүхдүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид нь цахилгаан мотоцикл худалдаж авч өгч, хөдөлгөөнд оролцуулж байна. Хан-Уул, Баянзүрх дүүрэгт сургуулийн насныхан хамгийн их замын хөдөлгөөнд оролцож байгааг тогтоосон” гэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу