27.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 19, 2025

Хүүхдийн хумсаа мэрэх зуршил — сэтгэл зүйн дуудлага уу?

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хүүхэд хумсаа мэрэх үйлдэл нь олон тохиолдолд гадаад орчны эсвэл дотоод сэтгэл зүйн дарамт, түгшүүртэй холбоотойгоор илэрдэг бөгөөд энэ нь эхэндээ тайвшрах зорилготойгоор гардаг ч, улмаар тогтмол зуршил болон хувирах хандлагатай байдаг. Эмч, сэтгэл судлаачид үүнийг мэдрэлийн гаралтай зуршил хэмээн нэрлэдэг.

Хүүхдийн наснаас шалтгаалан энэ зуршил харилцан адилгүй илэрдэг. Гурван нас хүртэл бараг тохиолддоггүй гэж хэлж болох бол таван наснаас дээш насны хүүхдүүдийн гуравны нэг нь ийм үйлдэл гаргадаг байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бараг тэдний тал хувь нь хумсаа мэрэх зуршилтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон.

Энгийн нэгэн зуршил мэт харагдавч хумсаа тогтмол мэрэх нь эрүүл мэндэд олон талын хор хөнөөлтэй. Хумс болон хурууны үзүүрт нян, бохирдол их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн биед орсноор гэдэсний халдварт өвчнүүд, шимэгч хорхойн халдваруудыг үүсгэдэг. Зарим тохиолдолд хумс мэрэх нь цусны халдварт ч хүргэж болзошгүй. Энэ зуршил шүдний хэлбэр алдагдах, эрүүний бүтэц өөрчлөгдөх, гоо сайхны доголдолтой болох зэрэг урт хугацааны сөрөг үр дагаврыг дагуулж болно.

Хүүхэд хумсаа мэрэх нь зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл зүйн асуудлын илрэл байж болзошгүй. Эцэг эхийн анхаарал дутмаг байх, гэр бүлийн дотоод уур амьсгал тааруу байх, шинэ дүүтэй болох, эсвэл цэцэрлэг, сургуульд нийгмийн дарамт мэдрэх зэрэг олон хүчин зүйл энэ зуршлын суурь шалтгаан болдог. Түүнчлэн хүүхдэд тавигдах хэт өндөр шаардлага, төгс төгөлдөр байхыг шаардах байдал нь тэдний дотоод бухимдлыг нэмэгдүүлж, улмаар хумсаа мэрэх хэлбэрээр илэрдэг.

Хүмүүс хүүхдээ хумсаа мэрэхэд шууд л “Болиорой” хэмээн хориг тавьж, загнах нь элбэг. Гэвч энэ нь тус болохоос илүүтэй хүүхдийн сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлж, улам нуугдмал, хэвшмэл зуршил болгон хувиргах эрсдэлтэй байдаг. Эцэг эхчүүд энэхүү үйлдлийг илрэл бус шалтгааны түвшинд нь ойлгож, хүүхдийнхээ сэтгэл зүйн орчныг дэмжих, хайр халамж, анхаарлыг нэмэгдүүлэх, тэдэнтэй итгэлцэл дээр суурилсан харилцаа тогтоох замаар энэ асуудлыг аажмаар шийдэх нь хамгийн үр дүнтэй арга юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here