5G сүлжээ ашиглан анхны алсын зайн нүдний мэс засал амжилттай боллоо
Хятадын нүдний эмч нар дэлхийд анх удаа 4 200 км-ын зайд буй өвчтөнд роботын тусламжтайгаар нүдний торлог бүрхэвчинд тарилга хийх мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэлээ гэж Сунь Ятсены их сургууль мэдээлэв.
Тус мэс заслыг Гуанжөү хотын эмч нар Өрөмч хотын өвчтөнд 5G өндөр хурдны холбооны тусламжтайгаар хийсэн байна. Эмч нар мэс заслын робот гарыг алсын зайнаас удирдан, бичил зүүг өвчтөний нүдэнд оруулж, шаардлагатай гүнд хүргэж, эмийн бодисыг нарийн хэмжээгээр тарьжээ.
Дэлхийд анхны технологийн дэвшил
“Энэхүү мэс ажилбар нь Хятадад төдийгүй дэлхийд алсын зайн өндөр нарийвчлалтай нүдний мэс заслыг практикт хэрэгжүүлсэн анхны тохиолдол боллоо” гэж Сунь Ятсены их сургуулийн “Жүншань” нүдний төвийн төлөөлөгч Линь Хаотянь онцолсон байна.
Мэс ажилбар долоон минут хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд бүх үйл явцыг бодит цагийн дүрс бичлэгээр хянаж, роботын хариу үйлдлийг миллисекундийн хоцрогдолгүйгээр гүйцэтгэсэн нь 5G технологийн найдвартай байдлыг харуулжээ.
Ирээдүйн анагаах ухаанд шинэ үе нээв
Энэхүү туршилт нь алслагдсан бүс нутгийн өвчтөнүүдийг өндөр мэргэшсэн эмч нартай холбох, тэр дундаа мэдрэмтгий нүдний болон мэдрэлийн мэс засал зэрэг өндөр нарийвчлал шаардсан салбарт томоохон дэвшил болох хэмээн судлаачид үзэж байна.
Хятадын эрдэмтэд цаашид энэхүү технологийг сайжруулж, робот удирдлагатай алсын зайн эмчилгээ, мэс заслыг өргөн хүрээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.


                                    


