Их Британи түүхэн хориг тавилаа: 2009 оноос хойш төрсөн хүмүүс тамхи хэзээ ч авч чадахгүй

Шинэ хууль тамхигүй үеийг бий болгохоор зорьж байна

Их Британийн Засгийн газар тамхи болон электрон тамхитай холбоотой шинэ хуулийг баталлаа. Энэхүү шийдвэр нь тамхидалтыг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад эрүүл мэндийн тогтолцоонд ирэх ачааллыг багасгах зорилготой юм.

Шинэ хуулийн дагуу энэ жил 17 нас хүрч буй болон түүнээс доош насны хүүхдүүд ирээдүйд насанд хүрсэн ч тамхи худалдан авах эрхгүй хэвээр үлдэнэ.

Өөрөөр хэлбэл, 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс бүх төрлийн тамхийг хэзээ ч хууль ёсоор худалдан авч чадахгүй болно. Ийнхүү эрх баригчид “тамхигүй үе”-ийг бүрдүүлэх зорилт тавьж байна.

Мөн энэхүү хууль нь тамхи, электрон тамхи зэрэг бүтээгдэхүүний амт, сав баглаа боодол, борлуулалтын журамд төрөөс илүү хатуу зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байгаа юм.

Электрон тамхины хэрэглээнд ч шинэ хориг үйлчилнэ

Электрон тамхины хэрэглээнд мөн нэмэлт хязгаарлалт тогтоож байна. Тухайлбал, бага насны хүүхэдтэй хамт автомашинд явах үед, тоглоомын талбай орчим, сургууль хавь болон эмнэлгийн гадна орчинд хэрэглэхийг хориглоно.

Харин хүмүүс гэртээ, далайн эрэг дээр, мөн пабын гаднах хэсэг зэрэг зарим газарт электрон тамхи хэрэглэх боломжтой хэвээр байна.

Их Британийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Вес Стритинг энэ хуулийг олон нийтийн эрүүл мэндийн салбарт хийж буй чухал алхам гэж үзжээ. Түүний хэлснээр, энэ нь хүний амь насыг аврахын зэрэгцээ эрүүл мэндийн системийн ачааллыг бууруулахад тустай байх юм.

Хуулийг дэмжигчид ба шүүмжлэгчид өөр өөр байр суурь илэрхийллээ

Эрүүл мэндийн сайд Баронесса Меррон: “Энэ нь олон жил хэрэгжүүлсэн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны хамгийн том нь бөгөөд олон хүний амийг аварна” гэж онцолсон байна.

Гэсэн ч зарим улс төрч энэхүү шинэ зохицуулалтад болгоомжтой хандаж байна. Тухайлбал, Консерватив намын гишүүн асан Лорд Нэйсби шинэ хууль нь тамхи борлуулдаг бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр хүмүүсийг тамхинаас гарахад хүргэхийн тулд зөвхөн хориг тавихаас гадна илүү сайн боловсрол, мэдээлэл олгох шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагууд хуулийг дэмжиж байгаа юм. “Asthma + Lung UK” энэ хуулийг улсын эрүүл мэндийг сайжруулах боломжтой алхам гэж үнэлсэн ч одоо тамхи татаж буй хүмүүст тамхинаас гарахад нь илүү сайн, хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх шаардлагатайг мөн онцолжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу