Ирак улсад Цельсийн +50 градусаас давсан агаарын халалт эрчим хүчний хэрэглээг огцом нэмэгдүүлж, даваа гарагт улс даяар цахилгаан тасалджээ. Иракийн эрх баригчдын мэдээлснээр агааржуулагч, хөргүүр, сэнс зэрэг цахилгаан хэрэгслийн хэрэглээ эрс өссөн нь цахилгаан дамжуулах сүлжээ ачааллаа дийлэхгүйд хүргэсэн байна.
Муслимын шийт урсгалын баяраар олон сая мөргөлчин цугласан Вавилон, Карбала мужид агаарын хэм өндөрсөж, хэрэглээ нэмэгдсэнээс цахилгаан дамжуулах хоёр шугам хаагджээ. Үүний дараа Иракийн Эрчим хүчний яам “улс даяар цахилгаан тасарсан” гэж мэдэгдсэн бөгөөд 6000 гаруй мегаватт эрчим хүч гэнэтийн байдлаар алдагдсаны улмаас цахилгаан станцууд зогсонги байдалд орсон гэж тайлбарласан байна.
Эрх баригчид өмнөд нутгийн Дхи Кар, Майсан мужид үе шаттайгаар цахилгаан нийлүүлэлтийг сэргээж эхэлсэн бөгөөд стратегийн ач холбогдолтой Басра хот мягмар гарагийн өглөө цахилгаантай болох төлөвтэй байна.
Иракт цахилгааны хомсдол байнга тохиолддог бөгөөд зуны улиралд тасалдал нь эсэргүүцлийн жагсаал хүртэл үүсгэдэг. 2021 оны зун мөн хэт халалтын улмаас хэрэглээ нэмэгдэж, улс орон даяар цахилгаан тасарч байжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ийм тасалдлаас зайлсхийхийн тулд Ирак улсад 55,000 мегаватт цахилгаан үйлдвэрлэх шаардлагатай боловч энэ нь тус улсын эрчим хүчний салбарын хувьд бэрхшээлтэй зорилт юм. Энэ сард Иракийн цахилгаан станцууд анх удаа 28,000 мегаваттын үзүүлэлт давжээ.