-16.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Испани, ОХУ, Унгарын 16 тамирчин оролцох “Бүргэдийн баяр” энэ амралтаар эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7, 8-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдахаар болжээ. Уламжлал, соёл, аялал жуулчлалыг нэг дор багтаасан тус арга хэмжээ энэ удаа гадаадын оролцоогоор өргөжин, анхаарал татаж байна.

Энэ жилийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин бүртгүүлсэн байна. Ийнхүү дотоод, гадаадын оролцогчдын тоо нэмэгдсэнээр тэмцээний өрсөлдөөн төдийгүй соёлын солилцоо илүү өргөн хүрээнд өрнөхөөр байна.

Баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр явагддаг бөгөөд нээлтийн үеэр оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгасан байдалтай, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтойгоо жагсан орж ирдэг уламжлалтай. Энэ жагсаалын үеэр дээл хувцасны хийц, өнгө дизайн, морь болон бүргэдийн тоноглолын цогц шийдэл, уламжлалаа хадгалсан байдал зэрэг олон элементийг нарийн үнэлж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг тодруулдаг аж.

Арга хэмжээний хүрээнд зөвхөн тэмцээнээр хязгаарлахгүйгээр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэл худалдаа, хоол үйлчилгээ ажиллах бөгөөд казах гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягийг ойроос мэдрэх боломж бүрдэхээр төлөвлөгджээ.

Махчин шувууг гаршуулж сурган ан ав хийх уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” гэж нэрлэдэг. Бүргэдээр ан хийх энэ уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөө цаг хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг байна. Энэхүү өв соёлыг хадгалж ирсний хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн нь уг уламжлалын үнэ цэнийг дэлхийн түвшинд баталгаажуулсан хэрэг болжээ.

Испани, ОХУ, Унгарын 16 тамирчин оролцох “Бүргэдийн баяр” энэ амралтаар эхэлнэ
Испани, ОХУ, Унгарын 16 тамирчин оролцох “Бүргэдийн баяр” энэ амралтаар эхэлнэ
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу