2025 оны 8-р сарын 4 – Ням гарагт Йеменийн эргийн дагуух тэнгисийн усанд цагаачдыг тээвэрлэж явсан жижиг усан онгоц осолдсон улмаас наад зах нь 68 хүн амь үрэгдэж, 74 хүн сураггүй болсон гэж НҮБ-ын цагаачлалын агентлаг мэдээллээ.
Йеменийн өмнөд хэсгийн Абян мужийн эргийн дагуух энэ золгүй ослын үед ердөө 12 хүнийг аварч чадсан бөгөөд олон арван хүн сураггүй алга болсон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зүгээс мэдээлснээр, ослын улмаас амь үрэгдэгсдийн дийлэнх нь Этиоп улсын иргэд байсан гэнэ.
Тус байгууллагын тэргүүн Абдуссатор Эсоев ослын талаар Америкийн “Ассошиэйт Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа, жижиг усан онгоцонд Этиоп улсын 154 иргэн зорчиж явсан ба 12 хүний амийг аварч, 68 хүний цогцсыг олсон талаар мэдээлсэн байна.
Жил бүр Африкийн улс орнуудаас олон арван мянган цагаач Сомалийн хойг болон Йеменийн эргээс усан онгоцонд сууж, Саудын Араб болон Персийн булангийн орнуудад ажиллахын тулд явдаг. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, Африкийн орнуудаас Йемен улсаар дамжин Арабын орнууд руу зорчих хууль бус цагаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа байна. Өнгөрсөн жил Йеменд 60 мянга гаруй Африкийн цагаач ирсэн гэж тус агентлаг онцолжээ.
Цагаачдын асуудал улам ноцтой болж байна