Холимог тулааны алдарт тамирчин Коннор Макгрегор төрөлх Ирланд улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж, Пүрэв гарагт олон нийтээс дэмжлэг хүсжээ.
Тэрээр нийгмийн сүлжээгээрээ Дублин хотын Засгийн газрын ордны гаднаас дүрст бичлэг хуваалцаж, сонгуульд нэр дэвшихэд шаардлагатай дэмжлэгийг цуглуулахыг уриалсан байна. Ирландын хуулийн дагуу нэр дэвшигч нь парламентын 20 гишүүний эсвэл дор хаяж 4 муж, хот, орон нутгийн засаг захиргааны дэмжлэгийг авсан байх ёстой.
2025 оны 10-р сарын 24-нд болох Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл 9-р сарын 24-нд хаагдах тул Макгрегор, 2025 оны 3-р сард сонгуульд өрсөлдөхөө зарласаныхаа дараа, иргэдийг өөрийн амьдардаг орон нутгийн засаг захиргаанд нэр дэвшүүлэх хүсэлт гаргахыг уриалжээ.
Макгрегор уриалгадаа цагаачлалын эсрэг популист байр сууриа илэрхийлээд, хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол Ирландын орон гэргүй хүүхдүүдийн тоог бууруулахыг зорьж буйгаа онцолжээ.