Сингапур хотод болж буй усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын усан сэлэгч Леон Маршан 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд шинэ дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр энэ төрлийн өмнөх амжилтыг нэг секундээс илүү хугацаагаар эвдэж, домогт Америкийн тамирчин Райан Лохтегийн 2011 онд тогтоосон дээд амжилтыг шинэчлэн бичүүллээ.
Л.Маршан хагас шигшээ сэлэлтэд 1 минут 52.69 секундын хугацаанд барианд орсон нь Лохтегийн 1:54.00 дээд амжилтаас 1.31 секундээр илүү байв. Түүний энэхүү түүхэн амжилт нь финалын тэмцээний өмнө тохиосон ч, Парисын Олимпод дөрвөн алтан медаль хүртсэн тамирчны хувьд дэлхийн аваргын зургаа дахь алтан медалийг авах хүсэл тэмүүллийг улам нэмэгдүүлжээ.
Маршан сэтгэгдэлдээ:
“Өмнөх рекордоос бүтэн нэг секундээр илүү хурдалж чадсан нь гайхалтай санагдаж байна … гэхдээ итгэхэд бэрх хэвээр байна. 200 м-т 1:52 минут гэдэг бол ‘галзуу’ үзүүлэлт юм. Би маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай байлаа” гэж онцолсон байна.
23 настай тамирчин маань энэхүү 200 метрийн холимог төрөлд дэлхийн болон олимпын хошой аварга болж байсан бөгөөд түүний оролцдог сэлэлтийн дөрвөн төрөлд: эрвээхэй, араар даллах, өврөөр даллах, чөлөөт сэлэлт багтдаг. Энэ оны эхээр бэртэл авсан ч тавдугаар сараас дахин тэмцээндээ оролцож эхэлсэн тэрбээр өмнөх формдоо бүрэн оржээ.
Леон Маршан карьерынхаа туршид нийт 22 медаль хүртсэнээс 18 нь алтан медаль бөгөөд тэрбээр ирэх ням гарагт болох 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд дахин түүх бүтээх зорилготой байгаа юм.
Маршан бол усан дахь жинхэнэ араатан юм. Тэр дөнгөж 23 настай, гэхдээ тэр аль хэдийн маш олон медаль хүртсэн!