Риогийн гурван конвенцын уялдааг AI-аар сайжруулах талаар хэлэлцэж байна
Монгол Улс, Панам Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Риогийн гурван конвенц болон үндэсний хөгжлийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэхүү хэлэлцүүлгээр хиймэл оюун ухааныг ашиглан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтолтой холбоотой бодлогуудыг хэрхэн илүү уялдаа холбоотой болгох талаар ярилцаж байгаа юм.
Бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг нэгтгэх боломжийг судална
Хэлэлцүүлгийн гол зорилго нь бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг илүү нэгдмэл байдлаар ашиглаж, хөрөнгө оруулалтыг зөв чиглэлд төвлөрүүлэх боломжийг судлахад чиглэж байна.
Мөн цаашид энэхүү аргачлалыг бусад улс орон, олон улсын түншүүдтэй хамтран хөгжүүлэх боломжийг хэлэлцэж байгаа аж.
Ингэснээр Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, үндэсний хөгжлийн төлөвлөлт, байгаль орчны бодлого хоорондын зөрүүг багасгаж, хэрэгжилтийн үр дүнг сайжруулах нөхцөл бүрдэх юм.
“AI нь бодлого боловсруулагчдыг орлох зүйл биш”
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ хиймэл оюун ухааныг хүний мэдлэг, шийдвэр гаргалтыг орлох технологи бус, харин уялдаа холбоог тодорхойлох туслах хэрэгсэл гэж үзэж байгаагаа онцолсон байна.
Тэрбээр “AI нь бодлого боловсруулагч болон орон нутгийн иргэдийн мэдлэгийг орлох зүйл биш. Харин бодлого хөтөлбөрүүд хоорондоо хэрхэн уялдаж, хаана ямар хамтрал чухал, мөн ямар зөрчил байгааг тодорхойлоход туслах хэрэгсэл гэж үзэж байна. Байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон янзын экосистемтэй Монгол Улс хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад өгөгдөл, технологийг илүү ашиглах шаардлагатай. Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”, түүний үндсэн гурван санаачилгын нэг болох Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга, мөн “Ногоон дата төв”-ийн төсөл нь үүнтэй уялдана. Бид Панам, НҮБХХ, бусад түнштэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өнөөдрийн хэлэлцүүлгийг бодит ажил болгох хүсэлтэй байна” хэмээв.
Монгол Улс өгөгдөл, технологид суурилсан шийдвэр гаргалтаа нэмэгдүүлнэ
Монгол Улс байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон төрлийн экосистемтэй учраас хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрт өгөгдөл, технологийг илүү өргөн ашиглах хэрэгцээтэй гэж үзэж байна.
Энэ хүрээнд Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга, мөн “Ногоон дата төв” зэрэг төсөл, санаачилгууд хиймэл оюун ухаан ашиглах чиглэлтэй уялдаж байгаа аж.
AI-г стратегийн хэрэгсэл болгон ашиглана
Дэд сайд Б.Мөнхтамир мөн Монгол Улсын баримтлах байр суурийг тодорхой илэрхийлжээ.
Тэрбээр “Монгол Улс AI технологийг бодлого боловсруулагчдыг орлох технологи бус, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийх ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана” гэдгийг онцоллоо.
Энэ нь хиймэл оюун ухааныг зөвхөн технологийн шинэчлэл бус, байгаль орчин, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү оновчтой болгох бодлогын хэрэгсэл болгон ашиглах зорилготойг харуулж байна.
Яриад байхаар хурдан ажилдаа бодит хэрэгжүүлээсэй дээ
AI ашиглаад төрийн хүнд суртлыг багасгавал маш том дэвшил болно шүү