Монгол, Герман боловсролын салбарт долоон шинэ баримт бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр долоон баримт бичигт гарын үсэг зуржээ.

Эдгээр гэрээ, санамж бичгийг 2026 оны аравдугаар сарын 22-нд байгуулсан бөгөөд Монгол, Германы их, дээд сургуулиудын урт хугацааны түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой байна.

Оюутан, багш, судлаачдын солилцоог өргөжүүлнэ

Шинээр байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд хоёр улсын боловсролын салбарын 100 орчим жилийн түүхтэй хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Мөн багш, судлаач, оюутнуудын урт болон богино хугацааны сургалт, судалгаа, хамтарсан төсөл, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Хамтын ажиллагааны нэг онцлох чиглэл нь уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт болон цахилгааны инженерчлэл юм.

Эдгээр чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хэлбэрийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нээгдэж байна. Энэ нь оюутнууд сургалтынхаа тодорхой хэсгийг Монголд, үлдсэн хугацааг Германд үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой.

ХБНГУ-ын их сургуулиуд Монголын дээд боловсролын байгууллагуудтай ийм түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь хоёр улсын боловсролын түншлэл өргөжиж буйн илрэл болж байна.

Их сургуулиуд хооронд долоон баримт бичиг байгуулав

Монгол Улсын их сургууль болон Лайпцигийн их сургуулийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт МУИС-ийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг, Лайпцигийн их сургуулийн ректор, доктор, профессор Ева Инес Обергфелл нар гарын үсэг зуржээ.

Мөн Монгол Улсын их сургууль болон Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн ректор Баянжаргалын Очирхуяг, тус сургуулийн ректор, доктор, профессор Инго Гестринг нар гарын үсэг зурсан байна.

Шинжлэх ухаан, технологийн их сургууль, “Эрдэнэс ҮТП” ХХК болон Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн хооронд мөн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Уг баримт бичигт ШУТИС-ийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Мөнх-Идэр, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Ютта Эмес нар гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн ШУТИС болон Дрездений Техникийн их сургуулийн хоорондын санамж бичигт Төмөрпүрэвийн Намнан болон тус сургуулийн Амьдралын бүх үе шатны сургалтын асуудал хариуцсан проректор, профессор Нильс Модлер нар гарын үсэг зуржээ.

ШУТИС мөн Хемницийн Технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд Монголын талаас ректор Төмөрпүрэвийн Намнан, Германы талаас тус сургуулийн ректор, доктор, профессор Герт Штромайэр нар оролцсон байна.

Судалгаа, инженерчлэлийн хамтын ажиллагаа гүнзгийрнэ

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээнд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Баатарын Батцэнгэл болон Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуулийн ректор Инго Гестринг нар гарын үсэг зурсан байна.

Мөн Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнтэй эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Уг баримт бичигт ректор Баатарын Батцэнгэл болон тус хүрээлэнгийн захирал, доктор, профессор Даниэль Карте нар гарын үсэг зурсан байна.

Ийнхүү шинээр байгуулсан долоон баримт бичиг нь Монгол, Германы их, дээд сургуулиудын хоорондын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний солилцоог нэмэгдүүлэхээс гадна инженерчлэл, уул уурхай, байгаль орчны менежментийн чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүдийг өргөжүүлэх суурь болж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу