Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахуйц томоохон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцжээ. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Германд хийж буй төрийн айлчлалын хүрээнд хөндсөн байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийн цаашдын чиглэлүүдийн талаар санал солилцжээ.
Талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудалд анхаарчээ.
Үүний хүрээнд Монгол, Германы харилцааны бэлгэ тэмдэг болохуйц, эдийн засгийн бодит үр өгөөжтэй томоохон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх боломжийг талууд ярилцсан байна.
250 орчим компанийн төлөөлөл бизнес форумд оролцож байна
Төрийн айлчлалын хүрээнд Монгол-Германы бизнес форум зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр улсын 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа аж.
Талууд ийм өргөн оролцоо нь Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхол бизнесийн хүрээнд өндөр байгааг харуулж байна гэж үзжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид шинэ технологийн салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон байна.
Тухайлбал, хиймэл оюун, кибер аюулгүй байдал болон цахим засаглалын чиглэлд Германтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ.
Мөн Монгол Улсын нар, салхины ихээхэн нөөцөд түшиглэн сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, эрчим хүч хуримтлуулах системийг хөгжүүлэхэд Германы компаниудын технологи болон хөрөнгө оруулалтыг татах боломжтойг онцолсон байна.
Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцааг уламжлалт салбараас гадна технологи, эрчим хүчний шинэ чиглэлүүдээр тэлэх боломж гэж талууд үзжээ.
Үүний зэрэгцээ Монгол, Германы харилцааны чухал тулгуурын нэг болсон иргэд хоорондын холбоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Талууд иргэдийн харилцан зорчих, амьдрах, ажиллахтай холбоотой нийгмийн хамгааллын асуудлыг илүү зохицуулалттай болгох зорилгоор тэтгэвэр болон нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Германд хийж буй төрийн айлчлалын хүрээнд хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологиос эхлээд иргэдийн нийгмийн хамгаалал хүртэл олон чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.