Давосын чуулгад хиймэл оюун, боловсролын шинэчлэлийг онцлов
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс хиймэл оюун, дижитал технологид суурилсан боловсролын систем рүү шат дараатай шилжиж байгааг тэрбээр танилцуулж, олон улсын түвшинд энэ бодлого дэмжлэг авч буйг тэмдэглэв.
Бага боловсролд хиймэл оюун, технологийн хичээл нэвтрүүлнэ
Багшлахуйгаас суралцахуйд шилжих боловсролын шинэчлэлийн хүрээнд ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөрт хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээл албан ёсоор тусгахаар болсон талаар Ерөнхий сайд онцлон дурдав. Энэ зорилгоор багш нарт хиймэл оюуныг хичээл сургалтад хэрхэн үр дүнтэй ашиглах, сургалтын үйл явцад шингээх талаар “Гүүгл” компани болон “Гүүгл Жэмини” академитай хамтран ажиллаж байгааг мэдэгдэв.
“МЭДЛЭ” цахим сургууль дэлхийн хүүхдүүдэд нээлттэй болно
Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын “МЭДЛЭ” цахим сургуулийг байгуулсан. Ирэх хичээлийн жилээс эхлэн дэлхийн хаанаас ч хүүхдүүд Монгол хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээлийг онлайнаар эх хэлээр нь судлах боломжтой болох юм. Үүний зэрэгцээ хиймэл оюунд суурилсан багшийн туслах, сурагч бүрийн онцлогт тохирсон хувь хүний түвшний дижитал туслахуудыг хөгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
100 мянга гаруй багш, сурагч “Гүүгл” платформ ашиглаж байна
2023 оноос эхэлсэн хамтын ажиллагааны хүрээнд “Гүүгл” боловсролын багц болон “Гүүгл” танхим платформыг Монголын 100,000 гаруй багш, сурагч өдөр тутмын сургалт, хичээл судалгаандаа ашиглаж, мэдлэг, ур чадвараа тэлж байна. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр багшийн хиймэл оюуны туслахыг ирэх дөрөвдүгээр сард туршилтаар хэрэглэхээр бэлтгэл хангаж байгаа бөгөөд уг шийдэл нь хичээлийн бэлтгэл, оношлогоо, үнэлгээг хөнгөвчлөх, сурагчийн бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
ОУЦХБ-тай боловсролын чанар, хүртээмжийг дижитал шийдлээр сайжруулахад хамтарна
ОУЦХБ энэ онд Улаанбаатар хотноо бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид хиймэл оюун, цахим технологид суурилсан шийдлүүдийг ашиглан Монгол Улсад боловсролын салбарын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр тохиролцлоо. Тус байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий дахины мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого, стандарт, зохицуулалтыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.





